Дижитал стратеги

Програм хангамж хөгжүүлэх аргачлалууд

Програм хангамж хөгжүүлэлтэнд зөв төслийн менежмент сонгох нь төсөл амжилттай байхад шууд нөлөөлдөг. Хэрэглэгчийн шаардлага, багийн онцлог, төсөв, хугацаа талуудын ойлголцол, цаашдын хөгжил гээд маш олон зүйлсээс шалтгаалж тохирох аргачлалаар төслөө удирдан явуулах хэрэгтэй болно.
Түгээмэл програм хангамжийн төсөл удирдах аргачлалуудаас товч танилцуулъя.

Эдгээр аргачлалуудад аль нэг нь илүү, дутуу гэсэн зүйл байхгүй, харин ямар тохиолдолд хэрхэн ашиглах вэ гэдэг нь чухал юм. Төсөл удирдах аргуудыг сурч, аль хэрэгтэйгээ зөв ашиглаж чаддаг байх нь чухал ач холбогдолтой юм.
Англи хэл дээр ашиглаад сурсан нэршлүүдийг орчуулах нь илүү ойлгомжгүй болгодог юм шиг санагддаг боловч анхан шатны ойлголт өгөх зорилгоор чадахаараа хөрвүүлж бичлээ.

Waterfall model

1956 оноос эхлэлтэй хамгийн эртний аргачлал болохоор хүн болгон л мэдэх байх. Ерөнхийдөө бүхий л аргачлалууд хүрхэрээ аргачлалын загварыг дотроо агуулсан байдаг.
Шат доошлох тусам гарсан алдаа нь өртөг өндөр болгох учир шаардлага тодорхойлох, шинжилгээ хийсэн бичиг баримтуудыг дэлгэрэнгүй тодорхой үйлдэх шаардлагатай болдог.

Хэрэглээ

Богино хугацааны шаардлага нь тодорхой, өөрчлөлт багатай төслүүдэд тохиромжтой.

Давуу тал

Энгийн ойлгомжтой, удирдахад хялбар
Хугацааны хувьд хэмнэлттэй
Тест, анализ хийхэд хялбар
Багийн өөрчлөлтөнд эмзэг биш
Маш дэлгэрэнгүй бичиг баримт хөтөлдөг

Сул тал

Шаардлага өөрчлөх бараг боломжгүй
Төсөл дуусах хүртэл үр дүнг тодорхойлох боломжгүй
Урт хугацааны төсөлд тохиромжгүй
Засвар, сайжруулалт их хийх төсөлд тохиромжгүй
Хожуу илэрсэн алдаа нь өндөр зардалтай

Spiral model

Спираль аргачлал нь эрсдэлд суурилсан аргачлал. Төслийн гарч болох эрсдэлд шинжилгээ хийснээр

– Waterfall
– Incremental
– Prototype зэрэг бусад аргачлалуудыг ашигладаг.

Хөгжүүлэлтийн давталт бүрд бүтээгдэхүүнд системтэйгээр нэмэлт сайжруулалт хийгдэж байдаг.
Давталт бүрд бичиг баримтын хөтлөлт хийнэ.

Хэрэглээ

Урт хугацааны, томоохон, эрсдэл өндөртэй, өөрчлөлт ихтэй, өртөг зардлыг нэмэгдүүлэх боломжтой төслүүдэд тохиромжтой.

Давуу тал

  • Эрсдэлээс зайлсхийнэ
  • Томоохон төслүүдэд тохиромжтой
  • Шаардлага өөрчлөгдөхөд уян хатан
  • Хөгжүүлэлт хурдтай явагдаж боломжууд системтэйгээр нэмэгдэнэ
  • Зардлын төсвийг бодитой гаргана

Сул тал

  • Нүсэр
  • Жижиг төсөлд тохиромжгүй
  • Зардал ихтэй
  • Эрсдэлийн шинжилгээнд хэт хамааралтай
  • Цагийн хяналт хийхэд хэцүү

Agile model

Agile аргачлал нь харьцангуй сүүлийн үед буюу 1990 ээд оны дундаас ашиглагдаж эхэлсэн. Шаардлагын өөрчлөлт болон хэрэглэгчээс эргэн санал хүсэлт авахад төвлөрдөг. Орчин үед маш олон төслүүд agile аргачлалыг ашиглах болсон.

Agile нь доорх 4 үнэт зүйл12 зарчмыг мөрддөг.

Үнэт зүйлс

  • Процесс болон хэрэгслүүдээс илүү хувь хүмүүс ба харилцаа чухал
  • Цогц баримт бичгүүдээс илүү ажиллагаатай програм чухал
  • Гэрээний заалтуудаас илүү хэрэглэгчтэйгээ хамтрах нь чухал
  • Төлөвлөгөөг дагахаас илүү өөрчлөлтөнд хариу үзүүлэх нь чухал

Зарчмууд

  • Хурдан бөгөөд тасралтгүй гаргах программын нийлүүлсэнээр хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хангах
  • Хөгжүүлэлтийн явцад өөрчлөгдөх шаардлагын өөрчлөлтүүдийг тусгах
  • Тасралтгүйгээр ажиллагаатай програм нийлүүлэх
  • Төслийн явцын турш бизнесийн сонирхогч талууд болон хөгжүүлэгчид хамтын ажиллагаатай байх
  • Багийн гишүүдээ дэмждэг, итгэдэг, урамшуулдаг байх
  • Нүүр нүүрээ харсан харилцааг бий болгох
  • Ажилладаг програм нь төслийн явцын үндсэн үнэлэмж байна
  • Хурдтай процессоор тогтвортой хөгжлийн өсөлтийг дэмжих
  • Нарийн шийдлүүд, дизайнд анхаарах нь гүйцэтгэлийг сайжруулна
  • Үргэлж энгийн байлга
  • Бие даасан баг нь сайн архитектур, шаардлага, загварыг үүсгэнэ
  • Илүү үр дүнтэй байх боломжуудыг үргэлж бод

Agile аргачлалыг хэрэгжүүлэхэд олон арга ашигладаг. Үүнд:

  • Scrum
  • Kanban
  • Extreme programming (XP)
  • Feature Driven Development (FDD)
  • Adaptive System Development (ASD)
  • Dynamic Systems Development Method (DSDM)
  • Lean Software Development (LSD)
  • Crystal Clear

Хэрэглээ

Хэсэгчлэн хөгжүүлж болох шаардлагууд бүхий төслүүдэд харилцагч ажлын явцад оролцон санал хүсэлт өгөх боломжтой үед хэрэглэхэд тохиромжтой.

Давуу тал

  • Ажиллагаатай програмын функцууд ойр ойрхон гарна
  • Багийн ажиллагааг маш сайнаар дэмждэг
  • Хөгжүүлэлтийн аль ч үе шатанд өөрчлөлтөнд уян хатан
  • Багийн гишүүдэд суралцаж, сайжрах боломжийг олгодог
  • Харилцагч болон багийн ойлголцоход хялбар байна
  • Харилцагч сэтгэл ханамжтай байдаг
  • Алхам алхмаар хийгдэж буй ажлууд нь нийт хугацааны хувьд хэмнэлттэй байдаг

Сул тал

  • Томоохон төслийн эхлэлийн үйл явцыг удирдахад хэцүү
  • Бичиг баримт хангалттай үлддэггүй
  • Харилцагч юу хүсэж байгаагаа тодорхойлж чадахгүй үед төсөл зогсох аюултай, харилцагчийн оролцоо өндөр шаарддаг
  • Багийн гишүүдээс олон талын ур чадвар шаарддаг, шинэ програмистуудад хүндрэлтэй байдаг
  • Хоорондын хамаарал ихтэй цогц функц үйлдлүүд бүхий төсөлд тохиромжгүй
  • Бичиг баримт багатай учир хувь хүмүүсээс хамааралтай болдог

Scrum model

Agile аргачлалд scrum хамгийн түгээмэл ашиглагддаг учир scrum-ийн талаар орууллаа. Төслийг тогтмол хугацааны /1–4 долоо хоног/ давтамжуудад хуваан ажиллагаатай програмаар тогтмол хангах боломжийг бий болгодог.
Үүрэг хариуцлага, уулзалтын хувиар зэрэг нь нарийн тогтсон байна. Спринт бүрт спринт төлөвлөлт, өдөр тутмын уулзалт, спринт демо, спринт дүгнэлт явагддаг. Үйл явц, санал хүсэлтийн өөрчлөлтийг хянахын тулд ажлын жагсаалт, хугацааны график бүхий самбар ашиглан хөтөлж явах хэрэгтэй болно.

Scrum оролцогчид

  1. Product Owner
    PO нь бүтээгдэхүүний алсын харааг тодорхойлох ба ажлын гүйцэтгэл болон бизнес, зах зээлийн ач холбогдлыг мөн анхаарна. PO баг болон ороцогч талуудтай уулзаж хооронд нь холбогч байхаас гадна багийн зорилгыг алсын хараанд чиглүүлж, багаа урамшуулагч байна.
  2. Scrum Master
    SM нь scrum-ийн үйл явц уулзалтуудыг удирдан явуулна. PO-тэй хамтран дараагийн спринт эхлэхээс өмнө ажиллагаатай програм гарахад хяналт тавина. Багийн гишүүдийн оролцоог хянаж багаа зохион байгуулах ажлыг хариуцна.
  3. Scrum Team
    Баг нь 5–7 гишүүнтэй байх нь тохиромжтой. Багийн гишүүд шинжээч, дизайнер, програмист, тестлэгч гэх мэт ялгаатай үүргүүдэд хуваагдалгүйгээр багаараа ажлаа гүйцэтгэхэд төвлөрдөг. Мөн багаараа давтамж бүрт гүйцэтгэх ажлуудыг төлөвлөдөг.

Scrum ажлын дараалал

  • Product backlog /Төслийн ажлууд/
    Бүтээгдэхүүний бүхий л ажил фунцуудийн жагсаалтыг гаргана.
    PO болон SM ажлыг ач холбогдол хийгдэх дарааллаар нь эрэмбэлнэ.
    Баг спринт бүрд ажлын даалгаврыг эрэмбийн дагуу гүйцэтгэнэ.
  • Sprint planning /Богино хугацааны төлөвлөгөө/
    PO-ийн гаргасан эрэмбийн дагуу ажлуудаас спринтийн хугацаанд дуусгах боломжтой ажлын жагсаалтуудыг төлөвлөнө.
  • Backlog refinement
    PO болон баг спринт бүрийн төгсгөлд дараагийн спринтийн ажлуудыг бэлдэнэ.
    Daily scrum /Өдөр тутмын уулзалт/
    Баг өдөр бүр 15 минутын босоо уулзалт хийн хөгжүүлэлтэнд гарч буй асуудал, хийх ажлуудаа ярилцана.
    Sprint review meeting /Богино ажлын дүгнэлт/
    Спринт дуусахад хийгдсэн ажиллагаатай програмыг танилцуулах уулзалтыг хийнэ.
  • Sprint retrospective meeting /Дүгнэлт уулзалт/
    Спринтийн явцад гарсан ололт амжилт болон дараагийн спринтэд анхаарах сайжруулах зүйлийн талаар ярилцах зорилгоор дүгнэлт уулзалтыг хийнэ.
    Энд зөвхөн түгээмэл хэрэглэгддэг аргачлалуудын талаар бичлээ. Эдгээрээс өөр маш олон аргачлалууд, болон хэрэгжүүлэх ялгаатай хэлбэрүүд байдаг.
    Төслийг амжилттай хэрэгжүүлэх нь төслийн менежер, багийн ур чадвар дээр төслийг аргачлалыг зөв сонгон, амжилттай хэрэглэсэнтэй холбоотой юм.

Эх Сурвалж: medium/bilegt

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!