Апплекейшн

Clubhouse зөвхөн урилгаар нэвтрэх горимоо цуцаллаа

Хүмүүс зөвхөн дуу хоолойгоороо холбогддог байсан Clubhouse платформд хувийн чат бичдэг болоод удаагүй байгаа билээ. Чатлах горим нэмэгдсэн эхний өдөрт 10 сая, долоо хоногт 90 сая мессеж бичигдсэн болохыг тус аппликэйшний техникийн багийнхан мэдээлжээ.

Тэгвэл өнгөрсөн жилийн тавдугаар сараас хэрэглээнд нэвтэрснээсээ хойш хэрэглэгчдийнхээ тоог эрчимтэй нэмж буй уг платформ зөвхөн урилга авсан хэрэглэгч нэвтэрч болдог, нэрийн хуудас болсон ганц горимоо цуцлаад байна.

Үүнтэй зэрэгцэн аппликэйшний лого өөрчлөгдөн рэппэр 21 Savage-ийн менежер Мээзи шинэ нүүр царайгаар тодорсон ба хэрэглэгчээр нэвтрэх хүлээлгийн жагсаалтад байсан 10 сая хүн урилгагүй боловч ээлж дараагаараа нэвтэрч эхлээд байна.

Ийнхүү анх нууцлаг байдлаараа хүмүүсийн анхаарлыг татаж эхэлсэн Clubhouse аппликэйшн олон нийтэд нээлттэй болж буй нь Twitter Spaces зэрэг бусад аудио хэлбэрийн цахим сүлжээтэй өрсөлдөх бодлогоос үүдэлтэй аж.

Анх зөвхөн iPhone утас хэрэглэгчид татах боломжтой байсан тус аппликэйшн хоёр сарын өмнөөс Android хэрэглэгчдэд нээлттэй болсон ба хэрэглэгчдийнхээ тоог нэмэгдүүлэхийн тулд дахин нэг том алхам хийж буй нь энэ юм байна.

Гэсэн ч хүмүүсийн анхаарал амархан буурдаг тул эрэлт хэрэгцээгээ алдахгүйн тулд лхагва гараг бүр шинэ нүүр царайг лого болгох зэрэг олон талын арга хэмжээ авах болсноо үүсгэн байгуулагч Пол Дэвисон, Рохан Сет нар мэдэгджээ.

Эх сурвалж: The Verge

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!