Дижитал стратеги

Ирээдүйд биднийг юу хүлээж байгаа вэ?

Ирээдүйд бидний юу хүлээж байгаа нь хүн төрөлхтний сонирхлыг мөнхөд татдаг сэдэв. Харин шинжлэх ухааны салбарууд үүнийг хэрхэн таамаглаж буй бол? Хүн гэгч амьтан үргэлж ирээдүйнхээ төлөө санаа зовнисоор үр дүнд нь одоод ч, ирээдүйд ч жинхэнэ утгаар амьдарч чаддаггүй гэх. Гэхдээ энэ нь ирээдүйнхээ төлөө огт санаа тавихгүй бай гэсэн үг биш. Угаас бид маргаашийнхаа тухай бодохгүй байж чадахгүйн учир ирээдүйнхээ сайн сайхны төлөөх бодит алхмыг өнөөдөр л хийх нь чухал.

Анагаах ухаан

Дэлхий дахинд анагаах ухаан хурдацтайгаар хөгжиж, судалгаа шинжилгээнүүд эрчимтэй явагдаж буй. Үүн дундаас үүдэл эсийн эмчилгээ /stem cell therapy/ хамгийн их анхаарал татаж байна.

Хүн анх бий болоход эхийн хэвлий дэх ганц ширхэг эс хуваагдсаар бүх эрхтэнг үүсгэдэг. Өөрөөр хэлбэл, тэр анхны ганц эс ямар ч эд эрхтэнд хувирах чадвартай. Үүнийг үүдэл эс гэнэ. Үүдэл эсийг анх анагаах ухаанд эхийн хэвлийд дөнгөж бүрэлдэж буй урагаас ялган авч байв. Яг тэр үедээ үүдэл эс ямар ч эд эрхтэн болж ургах чадвартай байдаг.

Гэвч ургийг авна гэдэг хүний амь хороохтой агаар нэг учраас этикийн асуудал үүсэж, эсэргүүцэлтэй тулгарч эхэлсэн. Харин сүүлийн үед анагаах ухаан хүний ямар ч эсийг үүдэл эс болгон хувиргах аргыг судалж байгаа. Ямар ч хүнээс аль ч эсийг нь авч үүдэл эс болгон хувиргаад буцааж тарина гэсэн үг.

Дэлхийн томоохон гүрнүүд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч судалгаа хийгдсээр байна. Хэрэв энэ арга эмчилгээнд нэвтрэх юм бол анагаах ухааны салбарт асар том хувьсгал болох юм. Тэр бүү хэл, хүн төрөлхтөн хэдэн зуу наслах боломжтой ч болж магадгүй.

Сэтгэл зүй, амьдралын хэв маяг

Сэтгэл судлалын салбарт хүний тархины чадамжийн талаар маш их судалгаа хийгдэж байна. Хүний тархины чадамж хязгааргүй учраас үүнийг тогтооно гэдэг мэдээж хэцүү. Гэхдээ бидний ашигладгаас хавьгүй илүү чадамжтай нь яалт ч үгүй үнэн. Бидний анхаарлыг ихээхэн татаж буй зүйл бол тархинд стрессийг хариуцдаг хэсэг. Энэхүү хэсэг нь стрессийг шийдвэрлэж, даван туулах үүргийг гүйцэтгэдэг гэнэ. Үүнд сэтгэл судлалын шинжлэх ухаан гол анхаарлаа хандуулж, шаардлагатай үед хүссэнээрээ удирдаж чаддаг болж байна.

Орчин үеийн хүмүүс ажлын найман цагтаа багтаан олон зүйлийг амжуулахад бэрх болжээ. Тиймээс ойрын ирээдүйд хүмүүс нийтээрээ маш яаруу, адгуу зан төлөвтэй болох магадлалтай. Тиймээс албан газрууд өөрийн гэсэн дотоод соёлыг тогтоох хэрэгтэй болж байна. Ингэснээр соёлч боловсон, албаны болон хувийн асуудлуудаа шийдвэрлэж чаддаг хүмүүс бий болох боломжтой юм.

Эцэг эхчүүд одоогийн хандлагаа баримталсаар байвал ердөө таван жилийн дараа гэхэд монгол хүүхдүүд эцэг эхийнхээ үгийг огт хайхардаггүй, хэнийг ч сонсдоггүй, зөвхөн өөрийнхөө бодлыг зөв гэж үздэг хүмүүс болно. Хүүхдүүд медиа хэрэгслээс замбараагүй мэдээлэл авч буйг мэдсээр атал эцэг эхчүүд үүнд анхаарал хандуулдаггүй. Тэгсэн мөртлөө таван жилийн дараа “Энэ яагаад ийм хүн болчихоо вэ?” гэж толгойгоо сэгсрэх нь утгагүй хэрэг билээ.

Нүүдэлчид, бэлчээрийн мал аж ахуй

Эрдэмтэд nomads буюу нүүдэлчид хэмээх ухагдахуунд нийгмийн ямар бүлгүүдийг оруулах тухай маргасаар ирсэн бөгөөд дийлэнх нь, ялангуяа Монголын нөхцөлд бол “бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчид” гэх нь зүйтэй хэмээн санал нэгддэг.

Сүүлийн хэдэн жил монголын малын тоо хурдацтай өссөн боловч малчдын тоо цөөрсөн үзүүлэлттэй байна. Гэвч малын тоо хэт өсөх нь бэлчээрийн даац хэтэрч, цөлжилт үүсэх томоохон хүчин зүйл болдог. Үүн дээрээс, мал маллах сонирхолтой хүн цөөрч буй тул малын тоог өсгөх биш, чанарыг нь сайжруулах зарчим баримтлах нь зүйтэй хэмээн мэргэжилтнүүд зөвлөж, малчид ч зөвшөөрч байна.

Ийм нөхцөлд өнөөгийн нийгэм, эдийн засагт зохицсон үйлдвэрлэлийн технологи, бүтээгдэхүүн боловсруулах хамгийн хямд, хялбар, өөрийн гэсэн шинэ арга замыг олохгүйгээр, өнөөдрийн энэ байдалд нь орхивол монголын бэлчээрийн мал аж ахуй ердөө өрхийн үйлдвэрлэл, хэрэглээнээс холдож чадалгүйгээр устаж болох юм. Бидэнтэй адил аж ахуйтай хөрш зэргэлдээх кавказ, киргиз, бүр өвөр монголын малчдын хувьд энэ бол ирээдүй биш өнөөдөр болоод байна.

Байж болох өөр нэгэн ирээдүй гэвэл, Засгийн газраас гадаадын бараа бүтээгдэхүүнд тодорхой хэмжээний хориг тавьж, малчдаас малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг цуглуулах, боловсруулах үйлдвэрлэл бий болгон, мал аж ахуйн болон бусад үндэсний аж үйлдвэрийн хөгжилд дэмжлэг үзүүлснээр малын гаралтай бүтээгдэхүүн эдийн засгийн эргэлтэнд ашигтай байдлаар орж, үндэсний эдийн засагт төдийгүй малчдад ч ашиг тусаа өгөх бөгөөд тэр хэмжээгээр удаан оршин тогтнох боломжтой болно.

Түүнчлэн эдийн засгийн ашиг, малчин айлын хүүхдүүдийн ирээдүйнхээ төлөө хийж байгаа сонголтуудаас харвал цөөн малтай олон өрх бус, харин хангалттай ашиг олохуйц чанартай малтай цөөн малчид бэлчээр, тэжээл хосолсон өвөрмөц хэлбэрийн аж ахуйн хэвшил болон үлдэх боломж бас байгаа.

Урлаг, соёл

Соёл урлаг бол нийгмийн хөгжлийн толь. Тийм ч учраас аливаа урлагийн бүтээл эзнийхээ ямар үнэт зүйлтэй нийгэмд аж төрж буйгаас шалтгаалан өөрчлөгддөг. Өнөөдөр урлаг маш синтез хэлбэртэй болж байна. Жишээ нь, музейн үзмэрийг хараад хүний сэтгэл ханахаа больчихож. Харин ч үүний хажуугаар дижитал мэдээллийг нь авах, гараар барьж үзэх, чимээг нь сонсох гэхчлэн таван мэдрэхүйгээрээ мэдрэхийг хүсэх болжээ. Ийнхүү урлаг ирээдүйд маш олон зүйлсийн нэгдмэл шинж чанартайгаар хөгжих нь тодорхой болж байна. Ялангуяа технологитой нэлээд нэгдэх болов уу. Өнөөдөр кино, хүүхэлдэйг 3D хэмжээсээр үзэхийг хүсч байгаа хүүхдүүд ирээдүйд оюун санаандаа аливааг илүү бодитоор төсөөлж, мэдрэхийг хүсдэг хүмүүс болно. Мөн урлаг нэлээд шинжлэх ухаанч чанартай болж байж хүмүүсийн сонирхлыг татна.

Нэлээд хэдэн жилийн өмнө хүмүүс ирээдүйд театр, ном гэж байхаа больж, телевиз бүгдийг орлоно хэмээн таамаглаж байсан ч одоо хэр нь театр ч, ном ч байсаар байна. Ирээдүйд ч байсаар байна, гэхдээ мэдээж тодорхой хэмжээгээр хэлбэрээ өөрчлөх шаардлага тулгарах болов уу. Жишээлбэл, театрт өнөөдөр тайзныхаа бүх шийдлийг заавал хүнд биетээр хийх шаардлага алга. Бүх орчинг видеогоор, дижитал хэлбэрээр харуулж болж байна. Ном ч бас ирээдүйд их тансаг хэрэглээнд тооцогдох байх. Учир нь, ном бол цаас. Цаас бол модноос гаргаж авдаг байгалийн цэвэр бүтээгдэхүүн. Байгалийн гаралтай, экологийн эрүүл бүтээгдэхүүний үнэ улам л өссөөр байгаагийн адил удахгүй жинхэнэ цаас барьж, эдлэх нь маш өндөр үнэтэй хэрэглээ болох болно.

Одон орон судлал

Сүүлийн жилүүдэд одон орон судлалын салбар дахь хамгийн чухал бөгөөд сонирхолтой судлагдахуунд сансрын хязгааргүй орон зайг дүүргэгч хар матери, хар энерги тооцогдож байна. Сансар огторгуйн хязгааргүй орон зай нь юу ч үгүй хоосон биш, харин бидний хараахан танин мэдэж чадаагүй байгаа хар матери, энергиэр дүүрэн байдаг гэж орчин үеийн одон орон судлалд үзэх болжээ. Үүн дээр үндэслэн манай ертөнцийн 96 хувийг хар матери, хар энерги, үлдсэн дөрвөн хувийг бидний мэдэх сансрын биетүүд эзэлдэг гэж ойлгож болох нь. Энэ 96 хувиас 74 хувь нь огт танигдахгүй байгаа хар энерги, харин 22 хувь нь тодорхойлоход арай дөхөм хар матери байна гэж үзжээ. Цахилгаан соронзон долгион цацруулдаггүй учраас үл үзэгддэг материйг “Хар матери” гэж нэрлээд буй. Гэхдээ гравитацын нөлөөгөөр нь түүний оршин байгааг нотолдог. Хар материйн мөн чанар, түүний байгаль ертөнц дэх үүрэг нь одоогоор бүрэн тодорхойлогдоогүй. Гэвч бид цахилгаан соронзон долгионыг нээсний дараа амьдралдаа ашиглаж, ашиг тусыг нь хүртэх болсонтой адил хар энерги, материйг танин мэдэх нь хүн төрөлхтөнд нэн чухал гэж үзэж байна.

Техник, технологи, аж үйлдвэр

Хүн төрөлхтний бүтээсэн шинжлэх ухаан, технологи саяхныг болтол микро түвшинд ажиллаж байсан бол одоо молекулын түвшинд хүртэл нарийсч, нано технологи руу шилжээд байгаа. Үүний ачаар бидний хамгийн энгийн хэрэглээ болох гар утас хүртэл илүү авсаархан, нимгэн мөртлөө илүү хүчтэй, багтаамж сайтай, олон төрлийн үйлдэлтэй болсоор байгаа.

Дэлгэцийн технологи. Монголд электрон бараа худалдаалдаг томоохон дэлгүүрүүд саяхан хөнхөр дэлгэцүүд хүлээж авсан. Харин дараагийн хүлээгдэж буй шинэ технологи бол уян дэлгэц. Бүх төрлийн дэлгэц улам нимгэрч, хальсны дайтай болсноор уян чанартай болно. Хэрэв зөөвөрлөх шаардлагатай бол хуйлаад л аваад явдаг болох нь. Магадгүй гар утсаа эвхэж хуйлаад халааслах өдөр ойрхон иржээ.

Зай хураагуурын технологи. Хүн төрөлхтөн маш олон янзын зөөврийн төхөөрөмж бүтээж, ашиглаж байна. Тэдгээрийн үзүүлэлтүүд тасралтгүй сайжирч байгаа ч зай, тэжээлийн асуудал тулгамдсан хэвээр. Тиймээс технологийн дараагийн зорилт бол бүх төрлийн зай хураагуурын ашиглагдах хугацааг уртасгах, цахилгаан эрчим хүчээс аль болох удаан хамааралгүй байж чаддаг болоход чиглэж байна. Тун удахгүй бид зөөврийн компьютерээ нэг ч удаа цэнэглэлгүйгээр долоо хоног, бүтэн сарын аялал хийдэг болно.

Машины технологи. Бүх төрлийн тээврийн хэрэгслийн хамгийн чухал хэрэгцээ бол түлш. Тиймээс тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ газрын тосноос хараат бус болгохын төлөө бүх хүчээ зориулж байна. Машин үйлдвэрлэгч томоохон компаниуд ус төрөгчөөр ажилладаг машиныг эхнээс нь худалдаанд гаргаж эхэлжээ. Энэ байдлаараа 2020-2025 он гэхэд тээврийн хэрэгслүүдийн ихэнх нь газрын тосноос хараат бус болно. Үүнд онгоц ч гэсэн багтаж мэдэх юм.

Мөн машины өнгө хурдаас нь хамааран солигддог болох тухай яригдаж байна. Зөвшөөрөгдөх хэмжээний хурдтай үед дурын өнгөтэй байх бол хурд хэтэрмэгц машин өөрөө өнгөө сольж, шууд мэдэгдэх нь.

Түүнчлэн жолоочгүй машины судалгааны загваруудыг бүтээсэн байна. Хэдэн жилийн дараа гэхэд жолоочоос үүдэлтэй осол аваар гэгч зүйл байхгүй болох бололтой.

Хүнсний технологи. Хүнсний салбарт гарах хамгийн ойрын дэвшил бол баглаа боодол. Өдгөө бид хүнс сонгохдоо үйлдвэрлэгчийн тэмдэглэсэн огноог л шалгаж байгаа. Зарим тохиолдолд энэ огноог худал тэмдэглэсэн байх нь бий. Тэгвэл нано технологийн шинэ баглаа нь хүнс удаан хадгалагдах тусам өөрөө өнгөө хувиргаж, хэрэглэгчдэд үнэн бодит мэдээллийг өгч чадах юм.

Хувцас, гутлын технологи. Дэлхийн бүх оронд гутлын уланд тах хадах үйлчилгээ бий. Тэгвэл удахгүй нано технологийн тусламжтайгаар гутлын уланд хэрэглэдэг материалыг огт элэгддэггүй болгоно. Мөн даавуу, бөс эдлэлийг нано технологиор гарган авсанаар магадгүй 4-5 жилийн дараа гэхэд хүн төрөлхтөн огт ус нэвтэрдэггүй, хиртдэггүй, элэгддэггүй хувцас өмсдөг болох боломжтой.

Эх сурвалж: Нийслэл guide сэтгүүл

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!