Интернет

Таныг яг одоо дэлхийгээр аялуулах цахим хуудсууд

Дэлхий нийт цар тахлыг хяналтдаа авч, байдал дээрдмэгц нэн түрүүнд юу хийхийг хүсэж байна вэ гэвэл цөөнгүй хүн аялна гэж хариулах биз ээ. Гэхдээ томоохон музей, амьтны хүрээлэн, түүх соёлын дурсгалт газруудад цахимаар зочлоод гарах боломж бий. Сонирхолтой цахим аяллуудыг багцлан хүргэж байна.

МУЗЕЙ ҮЗЭХ

Луврын музей

Музей гэвэл юун түрүүнд Луврын музейг нэрлэх нь зөв байх. Эл музейн танхимуудаар хэсэж, цуут “Мона Лиза”-г VR-аар ойроос үзэх боломж энд бий.

Ватиканы музей

Барууны соёл иргэншлийн хосгүй өвийг хадгалдаг Ватиканы музейд зочилж, суут Микеланжелогийн ур ухааныг шингээсэн Систиний сүмийн адрыг, Рафаэл Сантигийн ханын зургийг дэргэдээс нь мэт үзэх сайхан биш гэж үү? Энд дарна уу

Ван Гогийн музей

Амстердам дахь Винсент Ван Гогийн музейн 700 гаруй бүтээлийг тайлбартай нь эндээс үзээрэй. Түүнчлэн Ван Гогийн 750 орчим захидлыг (ихэвчлэн дүү Теодоо хаягласан) олж үзэх боломжтой. Энд дарна уу.

Америкийн Үндэсний байгалийн түүхийн музей

146 сая үзмэр бүхий Америкийн Үндэсний байгалийн түүхийн музейн цахим аялал чанарын өндөр түвшинд хийгдсэн, тод томруун бөгөөд үзэхэд хялбар. VR шил байгаа бол “beta” гэсэн тохиргоон дээр нь дараад илүү ч бодитоор үзэж болох юм. Энд дарна уу.

 

Солонгосын модерн ба контемпорари урлагийн үндэсний музей

1969 онд нээгдсэн эл музейд Солонгосын болон дэлхийн модерн болон контемпорари урлагийн шилмэл, шинэ бүтээлүүд дэлгэгддэг. Дөрвөн хэсэг бүрэлдэхүүнтэй эл музейн цахим хуудсаар болон “Google Arts&Culture” платформоор дамжуулан өдгөө дэлгэгдээд буй болон сан хөмрөгт нь хадгалагддаг бүтээлүүдийг үзэх боломжтой. Энд дарна уу.

GOOGLE ARTS AND CULTURE

“Google Arts and Culture” платформ руу орвол өөр олон музей, урлаг соёлтой холбоотой үзмэрүүд бий. Заавал ороорой. Энд дарна уу.

АЙЛЫН ЦОНХООР ЕРТӨНЦИЙГ ТОЛЬД

“Window Swap”-аар ороод дэлхийн өөр хаа нэгтээ байгаа хүний цонхоор хараарай. Хэн гэдэг хүний гэрийн цонхоор харж байгаагаа зүүн дээд булангаас, хаанахын аль хот гэдгийг баруун дээд булангаас мэдэж болно. Аль ч хотын аль ч гудамж байж мэднэ. Гол нь 100 хувь бодит. Дуу чимээтэйгээ учир аянга цахилан бороо орох, шувууд жиргэх чимээ нь ч дуулдаж яг л хэсэгхэн зуур тэнд очсон мэт болно доо. Энд дарна уу.

ГРАФФИТИ

Дэлхийд алдартай граффити, зураг бүхий гудамжуудыг танилцуулсан “Street Art with Google” төсөл тун ч сонирхолтой. Колумбийн Богота, Энэтхэгийн Нью-Дели, Канадын Монреаль гээд л дэлхийн өнцөг булан бүр дэх сонирхолтой гудамжны бүтээлүүдийг эндээс тольдож, түүхийг нь уншиж мэдэж болно. Энд дарна уу.

АМЬТНЫ ХҮРЭЭЛЭН

Цар тахалтай холбогдуулан олон улсын томоохон зоопаркууд хамгийн эрэлттэй амьтдаа “Live cam”-аар үзүүлж буй. Ихэнх нь Хойд Америкт байдаг амьтны хүрээлэнгүүд тул сэрүүн цагийг нь тааруулж орохгүй бол унтаж байгаа амьтан л үзэх вий. Өглөө эрт юм уу, орой орж үзэхэд илүү тохиромжтой. Цар тахал хэмээн хүмүүс биднийг үймж байх зуур амьтад тайван аж төрж буй. Хулсаа идээд л, сэлээд л, мод сүлжиж харайгаад л…

Сан Диего амьтны хүрээлэн

АНУ-ын Калифорни мужийн Сан Диего хотын амьтны хүрээлэнгийн цахим хуудаснаас коала, бар, заан тэргүүтэй есөн амьтныг “шууд”-аар үзэж болно. Энд дарна уу.

Смитсоны үндэсний амьтны хүрээлэн

Америкийн анхны зоопаркуудын нэг болох Смитсоны үндэсний амьтны хүрээлэнгийн Тиэн Тиэн, Мэй Сиан, Сяо Чижи нэртэй гурван панда юу хийж байгааг үзэхийг хүсвэл энд дараарай. Мэй Сиан өнгөрсөн наймдугаар сард зулзагалсан бөгөөд тус амьтны хүрээлэнгээс санал асуулга явуулсны дагуу шинэхэн пандаг Сяо Чижи буюу “Бяцхан гайхамшиг” хэмээн нэрлэжээ.

 

Монтерейн аквариум

Калифорнийн Монтерей хотын усны амьтдын хүрээлэн аварга загас, оцон шувуу, далайн залхаг зэрэг амьтдыг харуулсан 10 “live cam”-тай. Жирийн үед жилд хоёр сая гаруй үзэгч хүлээн авдаг эл хүрээлэнгийн камерууд маш тод, чанар сайтай учир үзэхэд үнэнхүү урамтай. Энд дарна уу.

Жиоржиагийн аквариум

Дэлхийн томоохон аквариумуудын нэг болох Жиоржиагийн аквариум далайн минж, белуга халим зэрэг амьтдын есөн камертай. Энд дарна уу.

ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗРУУД

Үзэсгэлэнт Парис хотын Эйфелийн цамхгаас эхлээд 2000 гаруй жилийн түүхт Цагаан хэрэм, хүний гараар бүтсэн гайхамшиг Египетийн пирамидууд хүртэл виртуалаар аялж болно. Аудио танилцуулгыг нь сонсохоо мартуузай. Америкийн байгалийн цогцолборт, дурсгалт газруудад виртуалаар аялж бас болох юм.

CYARK

Дэлхийн түүх соёлын үнэт өвийг үе үеийнхэнд таниулах зорилготой “CyArk” хэмээх, Окландад төвтэй ашгийн бус байгууллагын цахим хуудас руу орвол түүх соёлын 100 гаруй дурсгалт газруудын 3D загварыг үзэж болно. ЛГБТ эрхийн төлөөх тэмцэлд голлох ач холбогдолтой Стоунволл мухлагийн орчимтой танилцаж, түүхийг нь сонсож бас болох юм. Өөр сонирхолтой зүйлс олон бий. Энд дарна уу.

+ САНСАРТ

НАСА-ийн “Curiosity” хөлгийн Ангараг гараг дээр авсан дижитал зургуудад үндэслэн NASA JPL лабораторийн мэргэжилтнүүдийн гаргасан 3D загварыг Кеннеди сансар судлалын төвөөс гаргасан сонирхолтой гурван аппликэйшнийг татаж аваад хүүхдүүддээ сонирхуулахыг мөн зөвлөе. Эндээс Олон улсын сансрын станц, манай нарны аймгийн талаар сонирхолтой зүйлсийг мэдэж авах боломжтой.

Space Dreams

  • App Store / Google Play

Edge of Home

  • App Store / Google Play

KSC 360 expedition

  • App Store / Google Play

Эх сурвалж: posted.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!