Их өгөгдөл & Аналитик

Business intelligence гэж юу вэ? POWER BI программын тухай

Бизнесийн орчинд хурдтай хийгээд оновчтой шийдвэр гаргах нь хамгийн чухал чадваруудын нэг. Хэдийгээр бид сэтгэл хөдлөл, мэдрэмжид суурилсан шийдвэрийг аз ивээсэн жишээ олныг хардаг ч энэ нь компанийн цар хүрээ тэлж, томрох тусам эрсдэлтэй, оновчгүй алхам болж хувирдгийг сайн мэднэ. Тэгвэл байгууллагын урт хугацааны бодлого, төлөвлөлтийг оновчтой боловсруулахад чиглэсэн Business intelligence хэмээх ойлголт яг юуг хэлж байна вэ?

BUSINESS INTELLIGENCE (BI) -ИЙГ ТАЙЛБАРЛАХ НЬ

Шууд утгаараа БИЗНЕС ОЮУН хэмээн орчуулагдах уг ойлголт нь байгууллага доторх олон төрлийн алба нэгжүүдэд тус тусдаа хуримтлагдаж буй олон төрлийн мэдээлэл, өгөгдлийг нэг дор багцалж, хоорондын уялдаа холбоог хангах замаар бизнесийн шийдвэр гаргалтыг илүү оновчтой болгох зорилготой. Өөрөөр хэлбэл, дангаараа байхдаа ач холбогдол багатай, боловсруулагдаагүй тэдгээр бүх мэдээллийг нэгтгэж, шинжилж, харьцуулснаар бизнесийг бүхэлд нь харах боломжтой, утга учиртай багц өгөгдлийн санг бий болгох арга техник юм. Ингэснээр тоо судалгаанд суурилсан оновчтой шийдвэр гаргах, бизнесийнхээ ашиглагдаагүй үлдсэн боломжуудыг нээн илрүүлэх, байгууллагын үр бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон ач холбогдолтой.

Тэртээ XIX зуунаас эхлэлтэй уг ойлголтыг IBM компанийн судлаач Ханс Петер Лун 1958 онд одоогийн хэлбэрт нь оруулан томьёолжээ. Хэдийгээр бий болоод урт хугацааг өнгөрүүлсэн ч гэлээ үүлэн технологи хөгжиж, хүн төрөлхтөн техник технологийг өдөр тутмынхаа салшгүй хэрэглээ болгосон энэ үеэс л илүү хүртээмжтэй, хялбар болж, байгууллагын хэрэглээнд өргөнөөр нэвтрээд байна. Бидний сайн мэдэх ERP систем нь байгууллагын тархан байрласан бүхий л хэсгийн нөөцийг нэг талбарт нэгтгэн, зохион байгуулдаг. Тэгвэл BI нь тэдгээр үйл ажиллагаа бүрд бий болж буй мэдээллийг автоматаар цуглуулж, үүнд үндэслэсэн төрөл бүрийн бизнесийн шинжилгээ хийдгээрээ онцлог. Орчин үеийн BI технологи нь бүх төрлийн өгөгдлийн сан цуглуулдаг программуудаас гадна интернэт орчин дахь (Google Analytics, Google Cloud SQL, Microsoft-ын программууд, XML гэх мэт) бусад системтэй хоршин ажиллаж, тэдгээрийн мэдээлэл дээр дүн шинжилгээ хийж чаддаг болсон тул хэрэглэгч зөвхөн компанийн дотоод орчноос гадна нийгэм, эдийн засгийн, гадаад орчны нөлөөллийг тооцох, таамаглах боломжтой болжээ.

ЯАГААД “POWER BI” ГЭЖ?

BI шинжилгээ хийдэг QlikSense, Tableau, Power BI гэх мэт олон төрлийн программ, систем бий. Нэг зорилготой ч мэдээж бүгд өөр өөрийн гэсэн давуу болон сул талтай. Жишээ нь, QlikSense чанар, загвар сайн, их багтаамжтай мөртлөө дэндүү олон талбартай, тиймдээ ч бүгдийг нь дүрсжүүлэхэд цаг, зардал их ордог.

Харин энэ удаагийн нийтлэлд онцолж буй Power BI нь дэлхийн хамгийн нөлөө бүхий компаниудыг шалгаруулдаг Fortune 500 жагсаалтад багтсан нийт байгууллагуудын 97 гаруй хувь нь үйл ажиллагаандаа ашигладаг, зохион байгуулалт сайтай программ юм.

Юуны учир тэд POWER BI-г сонгох болов? POWER BI программын давуу талуудыг дурдвал,

Нэгдүгээрт, сайжруулалт тасралтгүй явагддаг. POWER BI-ийг үйлдлийн систем, программ хангамжийн салбарт дэлхийд тэргүүлэгч Microsoft корпораци хөгжүүлдэг. Иймдээ ч уг программ хэрэглэгчийн санал хүсэлтийг тухай бүр тусган авч, цаг үргэлж сайжруулж, хөгжүүлдгээрээ онцлог.

Хоёрдугаарт, оффисын бүхий л өргөн хэрэглээний программуудтай хоршиж ажилладаг (Office 365, SSRS Report Server лицензтэй).

Гуравдугаарт, хэрэглэхэд хялбар, хурдан сурах боломжтой.

Дөрөвдүгээрт, бүх шаардлагатай мэдээллээ нэг цонхонд гаргана. Өөрчлөлт, шинэчлэлийг цагийн хоцрогдолгүй (realtime)-гээр 24 цагийн турш хянах боломжтой ба график дүрсүүд нь үзэмжтэй, нэмэлтээр программчлалын хэл хөгжүүлэн ашиглаж болдог.

Тавдугаарт, өртөг багатай. POWER BI DESKTOP хувилбарыг нь үнэгүй татан авч, ашиглах боломжтой.

Эх Сурвалж: unread.today

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!