Бүтээгдэхүүн & Үйлчилгээ

ПОДКАСТ ХЭРХЭН ЭХЛҮҮЛЭХ ВЭ?

Өдгөө дэлхийн өнцөг булан бүрд 227 сая хүн өдөр бүр подкаст сонсож байна. АНУ-д гэхэд нийт хүн амын 26 хувь нь сард дор хаяж нэгээс хоёр удаа подкаст сонсдог аж. Энэ байдлаар ирэх 2021 оны сүүл гэхэд подкаст сонсогчдын тоо дэлхий даяар 100 саяар нэмэгдэх тухай судалгаа бий. Подкаст хийхэд ердөө интернэт, бичих төхөөрөмж буюу микрофон байхад л хангалттай. Тиймээс бид энэ удаагийн дугаартаа подкаст хэрхэн бичих тухай зөвлөгөөг хуваалцаж байна.

Подкаст эхлүүлэхэд дараах зүйлс шаардлагатай. Үүнд:

  • Сэдэв, нэр сонгох
  • Цувралын агуулга тодорхойлох
  • Ковер зураг бэлдэх
  • Эхлэл болон төгсгөлийн хөгжим (Intro, outro)
  • Тоног төхөөрөмжийн сонголт
  • Аудио бичлэг хийх, засварлах

СЭДЭВ, НЭР СОНГОХ

Подкастын нэр сонгохдоо анхаарал татахуйц, мартагдашгүй үг сонгохыг хичээгээрэй. Таны подкастын сэдэв өргөн цар хүрээтэй эсвэл ямар тухайлсан чухал асуудалд төвлөрч болно. Хамгийн гол нь, өөрийн сонгосон сэдвээ тогтмол сонирхдог, дуртай байх хэрэгтэй юм шүү. Энэ талаар байнга судалж, бусадтай ярилцаж, хуваалцах дуртай байх учиртай. Юуны тухай подкаст хийхээ шийдсэний дараа зах зээлийн судалгаа хийнэ. Та нэвтрүүлгийн сэдэвтэй ижил бусад подкастыг Apple Podcast дээрээс хайж үзээрэй. Хэрэв давтагдаж байвал цөөн ангиудыг нь сонсож, ямар агуулгаар, хэрхэн хийж байгааг нь судалж, хэрхэн илүү сайжруулж, өөрчилж болох замыг хайгаарай.

IFC Podcasts

АГУУЛГА ТОДОРХОЙЛОХ

Агуулгаа тодорхойлоход хамгийн чухал нь өөрийн подкастад тохирсон формат олох юм.

  • Хэрэв та шооч, хошин шогт дуртай бол тантай хамтран хөтлөх Co-Host байвал зохимжтой.
  • Бүх зүйлээ төлөвлөж, зохиол бичих дуртай бол аудио жүжиг ч бүтээх боломжтой.
  • Ярилцлагын подкастууд: Энэ төрлийн подкаст нь ихэвчлэн тухайлсан салбарын хүмүүсээс ярилцлага авч, нэг хост хөтлөн явуулдаг. Тухайлбал, Levelup Podcast, Ideree’s Podcast
  • Сэдэвчилсэн уран зохиол: Ихэнхдээ бүтэн улирлын турш нэг сэдвийн дагуу явуулах цуврал подкастыг хэлдэг.
  • Мэдээний тойм: Нийгмийн тодорхой салбарт өрнөж буй үйл явдал, мэдээллийг нэгтгэн дүгнэх формат. Тухайлбал, Amaraa’s Weekly Show
  • Боловсролын подкаст: Үзэгчдийг соён гэгээрүүлэх, танин мэдүүлэхэд чиглэсэн подкастыг хэлнэ.
  • Скрипт зохиол: Энэ төрлийн подкастууд нь радио драматай төстэй тул ихэнхдээ зохиол хэлбэрээр бичдэг. Радиогийн нэвтрүүлэгтэй төстэй гэж ойлгож болно.

КОВЕР ЗУРАГ

Кодкастын ковер зураг сонсогчдод анхны сэтгэгдэл төрүүлэх чухал хүчин зүйл учраас анхаарал хандуулах хэрэгтэй юм шүү. Та шууд интернэтээс зураг аваад хийж болохгүй. Санхүүгийн боломж байгаа бол мэргэжлийн хүн, албан байгууллагад хандаж албан ёсны ковер зурагтай болохыг санал болгож байна. Эсвэл CanvaSpark.Adobe.com зэргийг ашиглан өөрийн хүссэн дизайнаа гаргах боломжтой.

ЭХЛЭЛ БОЛОН ТӨГСГӨЛИЙН ХӨГЖИМ

Подкастын өнгө аяс, уур амьсгалд тохирсон хөгжим, аялгууг албан ёсны эрхтэй сайтуудаас худалдан авч ашиглаарай. Албан ёсны эрхгүй сайтуудаас авсан тохиолдолд оюуны өмчийн асуудал үүсэх магадлалтай.

How to Start a Podcast in 5 Easy Steps - TechBuzz by AT&T

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН СОНГОЛТ

Тухайн контентод хамгийн ихдээ хэдэн хөтлөгч болон зочин оролцохыг тооцож, төхөөрөмжийн тоо болон брэндийг сонгох шаардлагатай юм. Бидний зүгээс Shure брэндийн микрофон, хүлээн авагч, дамжуулагчийг санал болгож байна. Эсвэл энгийн энгэрт зүүж ашигладаг Boya брэндийн микрофон ч ашиглаж болох юм. Мөн микрофондоо дуу чимээ шингээгч, тогтоогч суурь болон бусад хэрэгслүүдийг өөрийн хэрэгцээндээ тохируулан сонгож ашиглаарай.

АУДИО БИЧЛЭГ ХИЙХ, ЗАСВАРЛАХ

Хэрэв та өмнө нь GarageBand эсвэл Audacity зэрэг программ дээр ажиллаж үзээгүй бол аудио засварлах үйл явц амаргүй санагдаж магадгүй. Тиймээс анхлан суралцагчдад Alitu программыг санал болгож байна. Энэ бол бүх үйл явцыг автоматжуулсан подкаст хийх хэрэгсэл юм. Ямар нэгэн платформ татах шаардлагагүй шууд онлайнаар ажиллах боломжтой тул ашиглахад тун хялбар. Мөн аудио цэвэрлэх, хөгжим нэмэх боломжтой. Түүнчлэн аудио хэсгүүдийг нэгтгэх, салгах болон сошиал хаягуудтайгаа холбон шууд нийтлэх боломжтой. Alitu нь төрөл бүрийн хөгжим, аялгуунуудын сонголттой тул нэмэлтээр ашиглаж болох юм. Анхлан суралцагч эсвэл цагаа хэмнэхийг эрмэлзэж буй туршлагатай нэгэн байсан ч хамаагүй уг программыг хэрэглээд үзээрэй. Долоо хоногийн үнэгүй эрхтэй юм билээ. Харин дээрх программ дээр долоо хоног ажилласны дараагаар Garageband, Audacity программуудыг хэрэглэж үзэхийг зөвлөе.

Эх Сурвалж: posted.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!