Сурталчилгаа & Хэрэглэгчийн сэтгэл зүй

ХАМГИЙН ӨНДӨР ҮНЭТЭЙ NFT ДИЖИТАЛ АРТ БҮТЭЭЛҮҮД

Урлаг, технологийн хослол бүхий дижитал арт салбар дотроо тун олон төрөлтэй. Түүний дотроос сүүлийн үед олон нийтийн анхаарлыг ихээр татаж, бүтээлүүд нь өндөр үнээр үнэлэгдэх болсон нь блокчэйнд суурилсан NFT технологи юм. Эзэндээ асар өндөр үнээр очсон доорх 10 NFT бүтээлийг харсан хэн ч сонирхохгүй байхын аргагүй биз ээ.

Эхлэхийн өмнө: NFT гэж юу вэ?

NFT (Non Fungible token) гэдэг нь блокчэйн технологид суурилан баталгаажсан дижитал бүтээл юм. Блокчэйн технологийн гол төлөөлөгч болох биткойн гэхэд Fungible буюу нэг нь нөгөөгөөр орлогдох шинж чанартай бол NFT нь дахин давтагдашгүй гэдгээрээ илүү үнэ цэнтэй, онцлог. Крипто-арт ч гэж нэрлэгдээд буй энэ технологиор дамжуулан зөвхөн арт төрлийн уран бүтээлээс гадна гэрэл зураг, бичлэг, дуу бүр твиттер жиргээ гээд таны бодож байгаагаас ч олон зүйлийг дижиталд хөрвүүлэн, тоон гарын үсгээ нэмэн, өмчлөх боломжтой ажээ.

Энэ төрлийн бүтээл, токеныг бүтээх, арилжих, солилцох боломжтой платформуудын эрэлт ч сүүлийн үед нэмэгдэх болоод буй. 2021 оны дөнгөж эхний хоёр сарын байдлаар л гэхэд уг зах зээлд 300 сая ам.долларын NFT бүтээлүүд худалдаалагдсан байна. Салбарын тэргүүлэх зах зээл болох OpenSea-гийн өнгөрсөн жилийн борлуулалт 1.5 сая ам.доллар байсан бол жилийн дараа буюу энэ оны нэгдүгээр сард гэхэд найман сая, хоёрдугаар сард 86.3 сая ам.долларт хүрсэн нь салбарын тэлэлтийг ямар хэмжээнд явааг төвөггүй гэрчилнэ.

10. THE EVERLASTING BEAUTIFUL

Уран бүтээлч: FEWOCIOUS
Үнэ: 550,000$

АНУ-ын Лас Вегас хотоос гаралтай, 18 настай, ахлах сургуулийн төгсөх ангийн сурагч хүүгийн NFT уран бүтээл 550 мянган ам.доллараар үнэлэгджээ. Анимэйшнээс санаа авч туурвисан уг зураг түүний хамгийн өндөр үнэд хүрсэн бүтээл юм.

9. GENESIS

Уран бүтээлч: Trevor Jones and Jose Delbo
Үнэ: 552,603.98$

Энэ жил 87 настай комик номын зохиолч Хосе Делбо, крипто артист Тревор Жонстой хамтран өөрийн Бэтмэний хөрөг бүхий зургийн тосон будгаар зурсан хувилбар дээр ажилласан нь MakersPlace дээр 552 мянган ам.долларт хүрчээ.

8. NYAN CAT

Уран бүтээлч: Chris Torres
Үнэ: 561,000$

Интернэт хэрэглэгчдийн дунд хэдийнэ танил болсон Ниан муурны хөдөлгөөнт зураг 10 дах жилтэйгээ золгож байна. Зургийн бүтээгч Крис Торрес уг зургаа өнгөрөгч хоёрдугаар сард NFT хэлбэрт шилжүүлж Foundation-оор дамжуулан амжилттай борлуулжээ. NFT нь ихэнх талаараа Ethereum дэх блокчэйн технологитой хослон ажилладаг бөгөөд уг зураг 561 мянган ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 300 ether (ETH)-ээр үнэлэгдсэн байна.

7. THE COMPLETE MF COLLECTION

 

Уран бүтээлч: Beeple
Үнэ: 777,777.77$

Бийпл нэрээрээ алдаршсан NFT дижитал арт салбарын гол төлөөлөгч болоод буй Майк Винкелманн нь сүүлийн хэдхэн сарын дотор олон дээд амжилтыг эвдээд буй. Энэ бол рекорд эвдсэн бүтээлүүдийнх нь нэг юм. Уг зургийг түүний “Beeple Everydays: The 2020 Collection” нэрт, 20 зургаас бүтсэн бүрэн цуглуулгыг худалдан авсан Метапүрс нэрт эрхэм 777.7 мянган ам.доллароор худалдан авсан байна.

6. FINITE

 

Уран бүтээлч: Pak
Үнэ: 809,789.40$

Жинхэнэ нэр нь үл мэдэгдэх эл уран бүтээлч NFT-ийн зах зээлээс түр завсарлага авах хүртлээ салбартаа Бийплээс ч илүү нэр хүндтэй байсан юм. Ethereum дээрх амжилтаараа хэнийг ч дагуулахгүй гэгдэж байсан тэрээр өнгөрсөн онд карьерынхаа завсарлагыг дуусгаж дижитал салбарт эргэн ирсэн ба түүний хоёр ч бүтээл энэ жагсаалтад багтсан.

5. HAIRY

Уран бүтээлч: Steve Aoki and Antoni Tudisco
Үнэ: 888,888.88$

DJ, продюсер Стив Аоки өмнө нь 3D артист Энтони Тудискотой хамтран 11 зургаас бүрдсэн ЗҮҮД МАНАГЧ хэмээх цуглуулгаа NFT технологи ашиглан туурвисан туршлагатай. Харин энэ удаа тэрээр Hairy буюу Үслэг нэрт ээлжит NFТ зургаа танилцуулсан нь 888.8 мянган ам.долларт хүрч, хамгийн үнэ бүхий дижитал арт бүтээлийн жагсаалтад оржээ.

4. METARIFT

Уран бүтээлч: Pak
Үнэ: 904,413.47$

Pak-ийн уран бүтээлүүд өдрөөс өдөрт улам үнэ цэнтэй болж буй. Цаашид уг салбарын өнгө төрх, хөгжлийг тодорхойлолцох нь гарцаагүй түүний уран бүтээлүүдээс одоогийн байдлаарх хамгийн өндөр үнэд хүрсэн зураг нь бидний одоо харж буй Metarift юм.

3. FOREVER ROSE

Уран бүтээлч: Kevin Abosch
Үнэ: 1,000,000$

Артист Кевин Абошийн романтик илэрхийлэл бүхий МӨНХИЙН САРНАЙ бүтээл криптовалютын хөрөнгө оруулагчдад нэг сая ам.доллароор зарагдсан юм.

2. CROSSROADS

Уран бүтээлч: Beeple
Үнэ: 6,600,000$

Уг жагсаалтад гурван ч бүтээл нь орсон уран бүтээлч Бийплийн өнгөрөгч хоёрдугаар сард гаргасан Crossroads нь Nifty Gateway-ээр 6.6 сая ам.долларт хүрсэн нь тухайн үеийнхээ дээд амжилт болж олны анхаарлыг татаж байв.

1. EVERYDAYS- THE FIRST 5000 DAYS

Уран бүтээлч: Beeple
Үнэ: 69,000,000$

Дэлхийн хамгийн том дуудлага худалдааны төв болох Christie’s-ээр борлуулагдсан анхны дижитал арт зураг мөн л Бийплийнх байжээ. Түүний 5000 өдрийн турш өдөр бүр нэгийг туурвисан бүтээлүүдийн цуглуулга 69 сая ам.доллараар зарагдсан нь одоогоор энэ салбарын дээд рекорд болоод байна. Сонирхуулахад, тус бүтээлийг худалдан авсан эзэн нь дээр дурдсан Бийплийн өөр нэгэн бүтээл болох The complete MF collection зургийг авсан, дижитал бүтээл цуглуулагч Метапүрс буюу Метакован ажээ.

Бид өөрсдийн бүтээлээ токенд шилжүүлж, дижитал хэлбэрт оруулан борлуулах боломжтой шинэ цаг үед ирээд байна. Блокчэйнд суурилсан технологи, урлагийн хослол бүхий уг давалгаанд өдгөө Twitter-ийг үүсгэн байгуулагч Ж.Дорси, алдарт New York Times, Time тэргүүтэй салбар салбарын нэр хүндтэй төлөөлөгчид нэгдэх болжээ.

Өнөөдрийн хувьд хамгийн үнэтэйд тооцогдож буй 69 сая ам.долларын дээд амжилт дараа жил, магадгүй дараа сар гэхэд хэрхэн өөрчлөгдөх бол?

Эх Сурвалж:  Unread.today

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!