Апплекейшн

IPTV-ИЙН САЛБАРТ ТРЕНД БОЛЖ БУЙ АППЛИКЭЙШНҮҮД

ТВ хөтөлбөр шүүж, дуртай нэвтрүүлгийнхээ гарах цагийг хуруу даран хүлээн, зурагтынхаа удирдлагыг булаалдан суудаг үеийг нэгэнт өөрчилж, гэр бүлийн гишүүн бүрд дуртай контентоо хүссэн үедээ хүлээн авах боломжийг олгосон IPTV салбар жилээс жилд улам л нийтлэг, өргөн болж байна. Хэрэглээг хэдэн шат ахиулан, бүх л оролцогч талууддаа харилцан үнэ цэнтэй системийг бүрдүүлж чаддаг уг салбарт трэнд болж буй аппуудаас сонирхъё.
1. PLUTO TV
Pluto бол шууд эфир, тв хөтөлбөр, спортын нэвтрүүлгүүдийг цаг алдалгүй үзэх сонирхолтой хүмүүсийн хувьд хамгийн тохиромжтой сонголт. Олон улсын 250 гаруй сувгууд энд байдаг бөгөөд эндээс та хүссэн тв контентоо хүлээн авах боломжтой. Бүх контент, шууд дамжуулалтын албан ёсны эрхтэйгээс гадна нэмэлт төлбөргүй гэдгээрээ онцлог. Уг аппыг Play Store, App Store-ын алинаас нь ч татаж авах боломжтой ба хэрвээ зурагтаасаа хандахыг хүсвэл Amazon-оос Fire TV Stick захиалан ашиглах боломжтой.
Pluto TV-г ашиглахад тун хялбараас гадна контентийн сангаа байнга чанартай бүтээлүүдээр баяжуулж байдаг. Сул тал нь, уг үйлчилгээг АНУ, Канад, Австрали тэргүүтэй цөөн тооны улс орнуудад л ашиглаж болдог. Гэсэн ч үнэхээр хүсвэл VPN ашиглах сонголт бас бий шүү дээ.
2. XUMO
Fire TV Stick ашиглан үнэгүй хэрэглэж болох бас нэгэн үйлчилгээ бол XUMO. Контентийн маш баялаг санг бүрдүүлж түүгээрээ өрсөлдөх чадвар, гол ялгарлаа бий болгосон уг аппаас та дэлхийд алдартай олон бүтээлийг нэг дороос хүлээн авч чадна. Түүнчлэн, ABC News Live, NBC News NOW зэрэг телевизийн болон онлайн 190 гаруй сувгийг өөртөө нэгтгэсэн тул мэдээ, кино, хүүхэд, гэр бүл гээд өөрт тохирсон төрөлжсөн сувгаа сонгон үзэх боломжтой.
Сул тал гэвэл FireStick болон андройд үйлдлийн систем дээр илүү сайн ажилладаг бөгөөд iOS, Windows зэрэг бусад системд нэмэлт программын тусламжтай л бүрэн ажилладаг байна. Мөн төлбөргүй ашигладаг учраас контентийн дундуур зар сурталчилгаа давхар үзэх хэрэгтэй болно.
3. RED BULL TV
Адал явдалт экстрим спорт, хүч хөдөлмөр шаардсан ууланд авиралт, Формулагийн авто уралдаан, бүжиг, олон улсын хөгжмийн фестивалиуд гээд олон сонирхолтой уралдаант нэвтрүүлэг, түүгээр хичээллэгсдийн баримтат түүх бүхий контентод дуртай хүмүүст Red Bull TV-г зөвлөх байна. Уг үйлчилгээг ашиглахын тулд мөнгө төлөх шаардлагагүй, бүр бүртгэл үүсгэх ч хэрэггүй. Мэдээж бүртгэл үүсгэвэл үзэж буй контентуудад тань суурилан таалагдах магадлалтай бүтээгдэхүүнийг санал болгох, хэрэглэгчийн түүх үүсгэх, нэмэлт үйлчилгээ үзүүлэх гэх мэт давуу талтай. Аппыг өөрийн ашигладаг бүхий л ухаалаг төхөөрөмжөөсөө татан хэрэглэж болно.
4. PEACOCK TV
Peacock нь NBC сувгийн албан ёсны онлайн платформ юм. Энэ ч утгаараа NBC-ийн бүхий л нэвтрүүлэг, энтертайнмент шоу, киног Peacock-оос хүссэн үедээ хүлээн авах боломжтой. Мэдээж IPTV учраас NBC-ээс гадна бусад тв сувгуудын шууд эфирүүд багтдаг. Хэрэглэгчдийн тоо нь 42 саяд хүрээд буй уг үйлчилгээ дотроо хэрэглээний гурван ангилалтай. Төлбөр төлөлгүйгээр ашиглах тохиолдолд контентийн дундуур зар сурталчилгаа явахаас гадна зарим үйлчилгээг авах боломжгүй. Харин нэмэлт төлбөр төлж Premium болон Premium Plus зэрэглэлийг идэвхжүүлэн хүлээн авах контентийн хүрээгээ нэмэгдүүлж болно. Аль ч үйлдлийн систем дээр нийтлэг ажилладаг.
5. LIVE NET TV
Live Net TV нь хэл, ангиллаараа төрөлжсөн 800 гаруй телевизийн сувгуудыг санал болгодгоороо алдартай үйлчилгээ юм. Fire TV Stick-ээр хүлээн авахад тохиромжтой бөгөөд Chromecast, MX тоглуулагч, XMTV Android зэрэг олон төрлийн систем дээр үнэгүй ажилладаг уг платформ нь хөтөлбөр сануулах, сануулсан хөтөлбөр эхлэх үед мэдэгдэх, дуртай шоунуудаа тусад нь ангилах гэх мэт олон давуу талыг хэрэгчлэгчдэд олгодог. Гайхалтай нь үнэ төлбөргүй мөртлөө зар сурталчилгаагүй.
6. TVTAP
Үнэгүй IPTV хайж буй хүмүүст тохирох бас нэгэн таатай хувилбар нь TvTap. Их Британи, АНУ, Европ, Ази, Ойрхи Дорнод тэргүүтэй бүс нутаг, улсуудын 150 гаруй сувгийг эгнээндээ нэгтгэснээс гадна Fire TV Stick болон Android TV системд маш сайн ажилладаг. Хэрэглэхэд хялбар, амархан загвартай тул ямар ч асуудалгүй. Зарим сувгууд эсвэл контентууд нь HD форматтай биш ч голох юмгүй чанартай дүрстэй гэдгийг батлах байна. Бүсчлэл болон тухайн улс үндэстнээс хамааран контентийн хязгаарлалт, хүрээг тогтоож өгдөг.
Эх Сурвалж:  Unread.today

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!