Сансар огторгуй

Хятад улсын сансрын агентлаг Ангараг дахь станцынхаа шинэ дүрс бичлэгүүдийг үзүүлжээ…

Ням гарагт Хятадын Үндэсний Сансрын Агентлаг алс холын Ангараг гарагт ажиллаж буй Zhurong робот станцынхаа шинэ дүрс бичлэгүүдийг үзүүлжээ.

Тэдгээрийн нэг нь дүрснээс гадна дууны бичлэгтэй байгаа юм.

Zhurong нэртэй зургаан дугуйт робот станц одоо Ангарагийн Utopia Planita нэртэй газарт судалгаа явуулж байгаа.

Ирсэн дүрс бичлэгүүдийн нэгд Zhurong станц шүхрээ дэлгэж, шаталтаас хамгаалах бүрхүүлээсээ салан газардаж буйг харуулжээ. Хоёр дахь бичлэгт станц газардуулагч платформ дээрээс Ангарагийн хөрсөн дээр бууж буйг харуулсан байна. Уг бичлэгт сонсогдож буй дуу нь станцын хөдөлгүүрийн чимээ, дугуйны газартай үрэлцэх чимээ гэнэ.

Гурав дахь бичлэгт Zhurong станц Ангарагийн хөрсөн дээр буусныхаа дараа холдон явж буйг араас нь харуулжээ.

Бичлэгүүдийг тавдугаар сарын 14-ний өдөр буулгасан байна.

Хятадын Үндэсний Сансрын Агентлагийн мэдээлснээр Zhurong станц нь Ням гарагийн байдлаар Ангарагийн 42 өдрийн хугацаанд 236 минут аялаад байгаа гэнэ.

Ангарагийн нэг өдөр нь дэлхийн өдрөөс арай урт буюу 24 цаг, 39 минуттай тэнцдэг.

Zhurong станцыг хамгийн богинодоо Ангарагийн 90 өдөр үүрэг гүйцэтгэх чадвартай гэж зохион бүтээгчид нь тооцоолж байгаа.

240 кг жинтэй уг станц нь 2000-аад оны NASA-гийн Spirit, Opportunity судалгааны станцуудыг санагдуулам хэлбэр, бүтэцтэй.

Одоо АНУ-ын Perseverance нэртэй станц Ангарагт ажиллаж байгаа. Уг станц 2021 оны хоёрдугаар сарын 18-нд Ангарагт газардсан юм.

Одоогоор Ангараг дээр өөрөө явагч робот станц буулгаж, ажиллуулж чадсан хоёр улс нь АНУ, Хятад болоод байна.

Зөвлөлт Холбоот Улсын илгээсэн станц 1971 онд Ангарагт амжилттай газардсан ч хэсэгхэн хугацааны дараа холбоо тасарсан юм.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!