Сансар огторгуй

САНСАР ОГТОРГУЙН ТАЛААРХ ГАЙХАМШИГТАЙ 8 БАРИМТ | Tech-News.mn

Оддыг ширтэн зогсохдоо танд ямар бодол төрдөг вэ? Магадгүй бид энэ орчлонд ганцаархнаа биш байх гэсэн бодол эсвэл хязгааргүй уудам орон зайн талаар төсөөлдөг үү?
Сансар огторгуйн талаар бидний мэдэхгүй гайхамшгууд тоолшгүй их. Тэдгээрийн талаар бидний мэдэхгүй зүйлс ч хязгааргүй. Гэвч бид түүнийг хязгааргүй уудам мөн үзэсгэлэн төгөлдөр гэдгийг мэднэ.
Гэхдээ сансар огторгуйн талаар бидний мэдэх өчүүхэн мэдлэг дунд ч санаанд багтамгүй зүйлс олон. Энд бид тэдгээр гайхамшгуудаас хэдийг сонгож та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. Үүний дараа та бүхэн тэнгэр огторгуйг ширтэн зогсохдоо сансрын уудмийн гайхамшгийг мэдрээрэй.
  1. Нейтрон одод нэг секундэд 600 удаа эргэдэг.
Нейтрон од бол их масстай одод мөхөх үед үүсдэг одод юм. Сүпер-нова (нэн шинэ од) тэсрэх үед одны цөмөөс нейтрон од үүсэх бөгөөд физик шинж чанараасаа шалтгаалж ийнхүү өндөр хурдтай эргэдэг байна. Нейтрон од үүссэнийхээ дөнгөж дараа секундэд 60 удаа эргэдэг аж. Заримдаа өөр өөр нөхцөлөөс шалтгаалж сенкундэд 600 удаа эргэх тохиолдол ч байдаг байна.
  1. Сансар огторгуй тэр чигээрээ аниргүй
Дууны долгион тархахад зайлшгүй дамжуулагч шаардлагатай. Сансарт агаар мандал байхгүй учраас тэр чигээрээ нам гүм байдаг аж.
Тэгвэл та “сансрын нисгэгчид хоорондоо хэрхэн холбоо барьдаг бол” гэж бодож байж болох юм. Аз болоход радио долгион нь агааргүй орчинд ч тархдаг учраас сансрын нисгэгчид ямар ч асуудалгүй холбоо барьдаг. (Гүррагчаа дэлхийн тойрог замаас ярьж байна гэх зэргээр)
  1. Орчлонд тоолох аргагүй их одод байдаг
Орчлонд яг хэдий тооны одод байгааг бид мэдэхгүй. Одоогоор бид манай галактик Тэнгэрийн Заадалд нийт хэчнээн од байгааг тооцоолоод байгаа. Харин бүх орчлонгийн оддын тоог гаргах гэвэл тэрхүү тоогоо бидэнд мэдэгдээд байгаа галактикийн тоогоороо үржүүлэх шаардлагатай. Энэ тооцооллыг хийж чадвал тэдэн зиллион од байна гэж итгэлтэй хэлж чадна. Гэхдээ зиллион гэдэг маань тоолох боломжгүй тоог хэлдэг шүү дээ.
Австралийн Үндэсний Их сургуулийн хийсэн судалгаагаар 70 секстиллион од байна гэж гаргасан аж. Энэ нь 70,000 сая сая сая гэсэн үг. Гэхдээ энэ бол ердөө л таамаг.
  1. Саран дээрх Аполло хөлгийн сансрын нисгэгчдийн хөлийн мөр арилахгүй 100 сая жил болно.
Саран дээр агаар мандал, урсгал ус зэрэг байхгүй учир геологийн процесс явагдахгүй, тиймээс саран дээр гаргасан Аполло хөлгийн сансрын нисгэгчдийн хөлийн мөр арилахгүй. Тэдний хөлийн мөр, тээвэрлэгчийн мөр, сансрын хөлгийн үлдээсэн ул мөр арилахгүйгээр урт удаан хугацааг өнгөрөөх болно.
Гэхдээ энэ нь үүрд байгаад байна гэсэн үг биш. Саранд ямар нэгэн радиацын бүс, агаар мандал зэрэг хамгаалах бүслүүр байхгүй учраас янз бүрийн сансрын биетүүд цаг минут тутамд сарны гадаргууг бөмбөгдөж байдаг. Тиймээс энэ үйл явцаас болоод арилах боломжтой.
  1. Манай нарны аймгийн нийт массын 99%-ийг нар эзэлдэг.
Нар нь нарны аймгийн нийт массын 99%-ыг эзлэх хэмжээний асар их нягттай Од юм. Тиймээс таталцлын хүчээрээ гаригуудыг барьж байдаг. Мэргэжлийн хэллэгээр Нар бол “Жи ангиллын од” бөгөөд энэ нь секунд тутамд 600 сая тонн ус төрөгчийг гели болгон шатааж байдаг гэсэн үг юм. Ингэж энерги ялгаруулах явцад нь 4 сая тонн хаягдал гаргадаг байна.
Нарны хэмжээтэй адил од мөхөхөд аварга улаан од үүсэх ба нягтаа алдан хэмжээ нь томорч дэлхийг хүртэл залгих болно. Гэхдээ санаа зоволтгүй, 5 тэрбум жилийн дараа л ийм зүйл болно.
  1. Нарнаас нэг цагт ирдэг энерги дэлхийн нэг жилийн нийт эрчим хүчний хэрэглээнээс илүү байдаг.
Ийм их хэмжээний эрчим хүчний эх үүсвэртэй атал нарны цахилгаан станц дэлхийн эрчим хүчний дөнгөж нэг хувийг л эзэлж байна. Гэхдээ энэ нь мэдээж нарны хавтангийн эзлэх талбайн хэмжээ болон хэрэглэх хүн амын эзлэх хувь, цаг агаарын таагүй нөхцөл, шөнө, суурилуулалтын өндөр өртөг зэрэг хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж байгаа нь мэдээж.
Гэхдээ нарны эрчим хүчний хэрэглээ нь сүүлийн 15 жилийн хугацаанд жил бүр 20 хувиар өсөлттэй яваа гэсэн таатай мэдээ байна.
  1. Хэрэв сансарт адил төрлийн хоёр металл биет мөргөлдвөл хоорондоо барьцалдаж салахгүйгээр наалдах болно.
Энэхүү гайхамшигтай үзэгдлийг ‘хүйтэн гагнуур’ гэж нэрлэдэг аж. Учир нь тухайн металлын атомууд ижил төрлийн металлын атомтай барьцалддаг байна. Гэхдээ агаар ус зэрэг өөр төрлийн маттер байдаг учир энэ үзэгдэл дэлхийд болдоггүй аж. Энэхүү үзэгдлийг сансрын хөлөг бүтээхэд мөн ирээдүйд вакуум орчинд металл биетийн судалгаа хийхэд ашиглан судалж байна.
  1. Бараг гаригийн хэмжээтэй Церес нэртэй астеройд илрүүлээд байна.
Уг астеройд нь ойролцоогоор 965 км диаметртэй аж. Энэ нь ердийн астеройдоос хэд дахин том хэмжээтэй байгаа юм. Гадаргуудын хэмжээ нь Энэтхэг эсвэл Аргентины газар нутагтай ойролцоо. Энэхүү асар том сансрын чулуу нь эрдэмтдийн дунд бага гариг гэж нэрлэх үү эсвэл астройд гэж нэрлэх үү гэсэн маргааныг үүсгээд байгаа. Гэхдээ хэмжээгээр бага гаригтай ойролцоо боловч дан чулуулгаас бүрдсэн учир шинж чанарын хувьд астеройдтой адил юм.
Уг астеройдын гадаргууд мөс ажиглагдаад байгаа бөгөөд 2015 оноос эхлэн уг биетийг судлахаар хиймэл дагуул хөөргөх гэж байна.
Эх сургвалж: mashable

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!