Их өгөгдөл & Аналитик

МЭДЛЭГ ДАМЖИХ ХУРД | Tech-News.mn

Мэдлэг нэг хүнээс нөгөө хүнд төрөл бүрийн хурдаар дамжина. Аав ээжийнхээ хэлж байсан сургаалийг 30, 40 жилийн дараа ойлголоо гэж хэлдэг хүмүүс байдаг. Багшийн хичээлийг дор нь ойлгодог хүн байхад олон удаа хэлүүлж ойлгодог бүр хэзээ ч ойлгодоггүй сурагч бас байдаг. Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гэгчээр хэрэгтэй зүйлийг нь хэдэн ч удаа тайлбарлаад ойлгохгүй хүн ч байдаг.
Мэдлэг дамжих замдаа гажаад буруугаар тархах тохиолдлууд элбэг. Өөр утгатай болж хувирахгүйгээр нэгээс нөгөөд орж шингэсэн мэдлэгийг зөв дамжуулалт гэнэ.
Мэдлэг дамжих хурдад мэдлэгийн эх сурвалж, дамжих орчин, хүлээн авагчийн бэлтгэл нөлөөлдөг.
1. Мэдлэгийн эх сурвалж. Зөв, чанартай мэдлэгийг жинхэнэ ойлгож, биедээ шингээсэн хүн л мэдлэг түгээгч болж чадна. Тийм хүн өөрийн санааг товч, ойлгомжтой, сонирхолтой байдлаар илэрхийлж чадна. Ямарч хэцүү онолыг 6 настай хүүхэд ойлгохоор тайлбарлаж чадаж байвал та тэр сэдвээ ойлгожээ гэж тооцно гэсэн үг байдаг. Хүн өөрийн мэдлэгийн зарим хэсгийг үйл хөдлөлөөрөө, түүнээс бага хэсгийг үг яриагаар, бүр өчүүхэн хэсгийг бичгээр илэрхийлж чаддаг.
2. Хүлээн авагч тал. Ямарч мэдлэгийг зөвхөн бэлтгэлтэй хүн хүлээж авах чадвартай. Өөрөөр хэлбэл түүнийг ойлгох хэмжээний суурь боловсролтой, тэр мэдлэг шаардах асуудлуудтай тулгарч байсан хүмүүс л хурдан зөв хүлээн авна. Хувь хүний төрөлхийн авьяас, хүсэл сонирхол, чармайлт, өссөн орчин г.м хүлээн авах хурдасгуур болно. Огт мэдэхгүй хүн биш харин мэддэг мэт дүр үзүүлэгч хүнд мэдлэг дамжуулахад маш хэцүү.
3. Дамжуулах орчин. Зөвхөн бие биедээ хүндэтгэлтэй ханддаг, хүсэл сонирхол нийлсэн, шинийг мэдэх эрмэлзлээр цэнэглэгдсэн орчинд мэдээлэл дамжина. Тиймээс ухаалаг хүмүүс бүгдийг үгүйсгэдэг, худлаа мэдэмхийрдэг хүрээллээс зай барьж зугатдаг. Мэдлэг нь хичээл, ном, видео г.м хэлбэржсэн байдлаар тарахаас гадна чимээгүй хэлбэрээр (tacit knowledge) тархдаг. Хөгжилтэй соёлтой улс орон, инновацийн шилдэг экосистемд орсон хүн өөрийн мэдэлгүй өөрчлөгдөж эхэлдэг нь чимээгүй мэдлэгийн нөлөө юм.
Улс орон хөгжихийн тулд чанартай мэдлэг хурдтай тархаж, мэдлэгийн асар их хуримтлал бий болох нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай. Ийм нөхцөл бүрдүүлэхгүйгээр хөгжлийн ямар ч төлөвлөлт дэмий мөрөөдөл болон замхарна.
Эх сурвалж: Zorig Gunjee

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!