Дижитал стратеги

ДЭЛХИЙГ ӨӨРЧЛӨХ ДОЛООН ТРЭНД | Tech-News.mn

Дэлхий ертөнц улам урагш тэмүүлж байна. Өмнө нь цагаар хэмжигддэг байсан технологийн хурд секундээр хэмжигдэх боллоо. Энэ утгаар нь XXI зууныг мэдээллийн эрин зуун гэж томьёолоод, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалыг угтаж авах бэлтгэлээ базааж байна. Технологийн салбарын компаниуд хэрэглэгчээ алдахгүй байх, өрсөлдөгчдөөсөө хол хоцрохгүй байхын тулд шинэ тутам нэвтэрч буй технологийн дэвшлийг бүтээгдэхүүн, үйлчилгээндээ нэвтрүүлэхээр өрсөлдөж буй. Ирэх 2020 он харилцаа холбоо, технологийн салбарын эргэлтийн цэг байх болно гэж шинжээчид таамаглаж байна. Эргэлтийн цэг болсон 2020 онд технологийн салбарт голлох долоон трендийг уншигч та бүхэнд танилцуулъя.
5G network: Three things India needs to do to better prepare for 5G,  Telecom News, ET Telecom
5G СҮЛЖЭЭ
Энэ бол зөвхөн ухаалаг төхөөрөмжид бус технологийн ертөнцөд боломж авчрах нээлт юм. Ухаалаг утсаараа Netflix-ийн киног гацахгүй үзэхээс илүү харилцаа холбооны салбарт голлох хэдэн өөрчлөлтийг энэ нээлт авчирна. Үүний нэг жишээ нь Европын холбооны голлох зургаан улс төмөр замын сүлжээг 5G-тэй холбох бэлтгэл ажлаа базааж эхэлжээ. Ухаалаг төхөөрөмжөөрөө компьютер, гэр орон, албан тасалгаа, унаж буй унаа гээд бүх зүйлийг удирдах асар том ирээдүй биднийг хүлээж буй. Сүүлийн үед автомашины компаниуд жолоочгүй авто машиныг туршиж байгаа нь мөн л 5G сүлжээтэй холбогдож байгаа билээ. Хэдийгээр хэрэглээ, хурдны хувьд хязгааргүй боломж авчирч байгаа ч ухаалаг төхөөрөмжийн цэнэгийг удаан хадгалдаг гэдэг нь маш том дэвшил болж буй юм.
5G-ын чухал давуу талыг бичихийн тулд өгөгдөл (data) гэх зүйлийг дурдах хэрэгтэй. Автомашин, тоос сорогч, зурагт, бугуйн цаг, хөргөгч гээд бидний өдөр тутамдаа хэрэглэдэг бүхэн ухаалаг болж байгаа эрин үед дата буюу өгөгдөл гэх зүйл маш чухал. Учир нь эдгээр төхөөрөмжид аливаа тохиолдолд ямар үйлдэл хийх вэ гэдгийг заадаг ажлыг өгөгдөл хийдэг. Товчхондоо ухаалаг төхөөрөмжийг өгөгдөл л ухаалаг болгож байгаа хэрэг. Тэдгээр ухаалаг төхөөрөмжүүдийн бий болгож буй асар их хэмжээний өгөгдөл мэдээллийг нэгээс нөгөөд зөөх эсвэл боловсруулах нь 5G сүлжээний үүрэг юм.
Тиймдээ ч технологийн салбарын нөлөө бүхий хүмүүс болон хэвлэл мэдээллийнхэн “5G-ын тусламжтайгаар зөвхөн хүмүүс хоорондоо холбогддог байсан үе өнгөрч эд юмс хоорондоо холбогдож эхэлнэ” хэмээн онцолжээ. Хэрэв энэ үнэн бол зөгнөлт кинонд гардаг шиг эд зүйлс ухаалаг болж, улмаар хүний оролцоогүйгээр бие даан эсвэл өөр хоорондоо хоршин ажиллах үеийн эхлэлийг 5G тавих аж.
Харилцаа холбооны салбар өмнө технологийн дэвшлийг хэрэглэгчдэд хүргэдэг дамжуулагчийн үүрэг хүлээдэг байсан бол одоо гол тоглогч болох боломж бүрдлээ. Энэ юуны ач вэ, мэдээж хэрэг 5G сүлжээний ач. Түүгээр ч үл барам дамжуулагч төхөөрөмжийн багтаамж, санах ой зэргийг 5G сүлжээ ашиглан өргөтгөх боломж ч бий.
Emerging Technologies Will Disrupt Government. Here's What to Do About It.  - Nextgov
ХИЙМЭЛ ОЮУН УХААН
Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал гэж бидний томьёолж буй энэ цаг мөчийн гол дүр нь яах аргагүй хиймэл оюун ухаан. АНУ, Их Британи, Герман, БНХАУ, Япон, Өмнөд Солонгос зэрэг технологийн дэвшлээрээ дэлхийд тэргүүлэгч гүрнүүдийн голлох бизнесийн тэргүүн эгнээнд хиймэл оюун ухааны салбар жин дараад эхэлжээ. Хэрэглэгчдийн хүсэл сонирхол, санаа бодол, сэтгэл ханамж зэргийг урьдчилан тооцоолох чадвартай энэ нээлт маркетер, архитектор, сэтгэл зүйчдийг ч ардаа орхих боломжийг хойноо агуулж буй.
Техник, технологи минут, секунд бүрд өөрчлөгдөн, хувьсахын хэрээр хуурамч мэдээлэл, хуурамч дүрс бичлэгийн тоо нэмэгдэх болсон энэ цаг үед хуурамч мэдээллийг жинхэнээс ялгах, хуурамч дүрсийг таних, компьютерын программ уу, хувь хүн үү гэдгийг ялгахад хиймэл оюун ухааны салбар чухал ач холбогдолтой. 2020 он гэхэд технологийн зах зээлийн 25-30 хувийг хиймэл оюун ухааны салбар дангаараа эзлэх болно гэсэн өөдрөг судалгааг Дэлхийн банкнаас гаргаад байна.
IoT Report: How Internet of Things technology growth is reaching mainstream  companies and consumers - Neural Soft Solutions
ОЮУН УХААНТ ИНТЕРНЕТ
Шинэ тутам, монголчууд бидний төдийлөн мэдэхгүй салбар бол оюун ухаант интернэт буюу IoT салбар. Дэлхийг аалзны шүлс мэт хэрсэн интернэтийн энэ их урсгалд өдөр бүр, хором, мөч бүрд сая, сая хүн нэгэн зэрэг холбогдож байдаг. Тэгвэл холбогдсон сая, сая хүмүүсийг хүсэл сонирхлынх нь дагуу нэгтгэн, ангилж, түүнд нь нийцсэн контентоор хангана гэвэл ямар сонсогдож байна. IoT чухамдаа энэ л боломжоор биднийг хангах юм. Магадгүй бизнесийн салбарынхан хэрэглэгчдийн хүсэл сонирхлыг тодорхойлоход цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулахгүй байх ч боломжтой. Хайлтын системийн алдарт Google, цахим худалдааны eBay, Amazon, Alibaba компаниуд аль хэдийнээ IoT-н тусдаа салбар хэлтэс байгуулаад, энэ салбартаа нийт зардлын 15-20 хувийг зарцуулаад эхэлсэн. БНХАУ-ын Засгийн газар энэ салбарыг бодлогоор дэмжиж буй.
Нэгэн цагт интернэтийг дуу сонсох, кино үзэх, хэрэгтэйгээ хайх, хэн нэгний зурган дээр таалагдаж буйгаа илэрхийлэх, хоорондоо харилцах мэтээр ашигладаг байсан бол одоо үүнийг хэн нэгний хүсэл сонирхлыг тодорхойлж, гуравдагч этгээдийн оролцоогүйгээр, ямар нэгэн механик арга хэрэгсэл ашиглахгүйгээр хэрэгтэйг нь харуулах хэрэгсэл болгон ашиглах гэж байна. Дэлхий даяар IoT-н 5000 компани үйл ажиллагаа явуулдаг бөгөөд технологийн салбарт зарцуулж буй нийт хөрөнгийн таван хувь нь IoT-д зарцуулагдаж байгаа гэх судалгаа гарчээ.
Big Data Consulting from the Specialists - b.telligent
ИХ ӨГӨГДӨЛ
Харилцаа холбооны салбарт хамгийн том асуудал бол цуглуулсан мэдээ, материалыг хадгалах санах ой байдаг. Нэг харилцагчийн өдөр бүр үйлдэж буй мянга, мянган үйлдлийг хялбар аргаар хадгалах боломж нь их өгөгдөл билээ. Утасгүй, элдэв санах ойн тусдаа порт ашиглахгүй датагаа хадгалах их өгөгдөл гэх шинэ салбарт хөрөнгө оруулагчид аль хэдийнээ хараагаа сунгаад эхэлсэн. Одоогоос таван жилийн өмнө энэ тухай ярьж байсан ч тухайн цаг үед аюулгүй байдал, хамгаалалтын талаар асуудалтай гээд хэн нэгэн огт тоодоггүй, мөрөөдөгчдийн амны зугаа байсан төдий. Гэхдээ өнгөрсөн жилээс эхлэн их өгөгдөл-аюулгүй байдал гэх ойлголт гарч ирэн, хөрөнгө оруулагчдыг татаад байгаа билээ. Технологийн салбарыг магадгүй эдийн засгийн гол тоглогч болох боломжийг их өгөгдөл агуулж буй. Тухайн компанийн сүлжээ, санах ой, ажлын үйл явц аль нэгэн сервер, процессорт бус их өгөгдөлд оногдох ирээдүй тийм ч хол биш байна.
Их өгөгдлийг ихэнхдээ 6V-гээр томьёолдог:
Volume – Тодорхой хугацааны туршид үүсгэгдэж байгаа өгөгдлийн хэмжээ юм. Дэлхий дээр нийт 6 орчим тэрбум хүн гар утастай бөгөөд түүгээр дамжин дата үүсгэгдэж байдаг. Монголд л гэхэд И-баримтын систем нь секунд бүр бидний худалдан авалтын мэдээллийг авч хадгалж байдаг бол интернэт сүлжээний компаниуд бидний хэрэглээний мэдээллийг мөн цуглуулж байдаг. Харин өдөр тутам бидний ашигладаг Фэйсбүүк нь бидний ямар мэдээлэл үзэж байгаа, ямар мэдээлэлд хариу үйлдэл (reaction) үзүүлсэн, ямар мэдээлэл хадгалж байгаа зэрэг мэдээллийн авч байдаг.
Velocity – Их хэмжээний өгөгдлийг цуглуулна гэдэг нь тус өгөгдлүүдийг ачаалах, боловсруулах, шинжлэх чадамж хурдтай байх ёстой. Жишээ нь: Нью-Йоркын хөрөнгийн бирж 1 терабайт хэмжээтэй арилжааны мэдээллийг боловсруулах чадамжтай.
Variety– Хуримтлагдсан байгаа нийт өгөгдлүүдийн ялгаатай байдал буюу өгөгдлүүд нь бүтэцлэгдсэн, бүтэцлэгдээгүй болон и-мэйл, аудио, видео, санхүүгийн гүйлгээ гэх мэт. Жишээ нь: Сар бүр Facebook-т 30 тэрбум контент шейр хийгддэг бол, Youtube -д 4 тэрбум цагийн бичлэг үзэгддэг. Харин Twitter-т өдөр 200 сая гаруй идэвхтэй хэрэглэгчийн 400 сая гаруй жиргээ нийтлэгддэг. Эдгээр контентууд нь видео, аудио, зураг, текст гэх мэт ялгаатай.
Value – Хуримтлагдаж байгаа өгөгдлүүд нь бүгд ямар нэг байдлаар эргээд үнэ цэнэ, өгөөж өгөхүйц байх хэрэгтэй билээ. Хэрэггүй, ашиглагдахгүй өгөгдлүүд нь “Их өгөгдөл” болж чадахгүй юм.
Veracity – Хуримтлагдаж буй өгөгдлүүд нь дээр дурдсанчлан хэрэглэгдэхүйц үнэ цэнэтэй байхын зэрэгцээ үнэн бодитой байх хэрэгтэй. “Их өгөгдөл”-н үндсэн зорилгын нэг бол шийдвэр гаргалтын оновчтой байдлын нэмэгдүүлэхэд оршдог бөгөөд ашиггүй, худал өгөгдөл нь сайн үр дүн мэдээж авч ирэхгүй. Жишээ нь: АНУ-н эдийн засагт жилд 3,1 их наяд доллар poor data буюу хэрэгцээгүй өгөгдөлд зарцуулагддаг.
Технологийн салбарт сүүлийн хоёр жилд цөн түрж буй их өгөгдөл гэх салбарт дэлхий даяар 1.5 сая хүн ажиллаж, аюулгүй байдал, үйлдлийн системийн боломжийг нэмэгдүүлэх шинэ төрлийн нээлт энэ салбарт жилдээ 5-6 удаа хийгдэж буй. Бидний мөнхийн хөрш гэгдэх БНХАУ их өгөгдөл гэх шинэ тутам салбарт анхаарлаа хандуулж, дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 5-10 хувийг зарцуулдаг гэх судалгаа гарчээ.
10 Amazing Examples of Robotic Process Automation in Practice
РОБОТЫН АВТОМАТЖУУЛАЛТ
Аж үйлдвэрийн гурав дахь хувьсгалын цөм нь нээлтүүд бус үйлдвэрийг нэгэн цогц шат дамжлагатай болгосон Хенри Фордын санаачилга байлаа. Энэ нь л масс үйлдвэрлэлийг цэцэглүүлж, эрэлтийг түргэн хугацаанд хангах нийлүүлэлттэй болгосон билээ. Гагц үүний ачаар л технологийн нээлтүүд цаг алдалгүй, боломжийн өртгөөр хэрэглэгчийн гар дээр очиж буй. Харин аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын гол нь үйлдвэрийн шат дамжлага хүмүүн бидэнд бус роботжуулсан үйлдвэрлэлийн процесс байх болно. Үйлдвэрийн шат дамжлагыг хөнгөвчилсөн роботын эрэлт яг одоо аж үйлдвэрийн салбарт хамгийн өндөр байна.
Бидний дээр өгүүлсэн хиймэл оюун ухаан, биг дата роботын автоматжуулсан процесс дээр нэмэгдэхээр өмнө нь байгаагүй их боломжийг аливаа бизнесийн компаниудад олгох юм. Харилцаа холбооны компаниудад ч тэр хэрэглэгчээ танин мэдэх, тэдэнд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгоход роботын процессын үзүүлэх нөлөө харьцангуй их. Япон, Өмнөд Солонгосын хэд, хэдэн томоохон компани роботын системийг илүү боловсронгуй болгох судалгаандаа ханцуй шамлан оржээ. Түүгээр ч үл барам уул уурхайн салбарт ч аль хэдийнээ тусгалаа олоод эхэлсэн. 2025 он гэхэд уурхайн олборлолтын ажиллагааны 40-өөс илүү хувь нь роботжуулсан процесс болно гэх таамаг бий.
Cloud Computing Facts – Jolin Systems
ҮҮЛЭН ТООЦООЛОЛ
Нэг харилцагчаас нөгөө харилцагчид шилждэг харилцаа холбооны салбарт үүлэн тооцоолол асар их боломж авчраад байна. Асар их зардал, хүн хүч хэмнэнэ гэдгээрээ зөвхөн харилцаа холбоо ч бус зах зээлийн бусад салбарт ч эрчимтэй нөлөөлж буй. Үүл хэдийгээр асар том хийсвэрлэл ч гэсэн технологийн салбарын тэр их боломж үүлэн тооцоололд л бий.
Үүлэн тооцоолол гэдэг нь компьютер болон бусад төхөөрөмж нь программ хангамж, дундын өгөгдөл, мэдээллүүдээ интернэтийн орчноор дамжуулан боловсруулдаг тооцоолол юм. Энэ нь mainframe, клиент-сервер технологийн дараагаар гарч ирж буй шинэ технологи бөгөөд гол зорилго нь хэрэглэгчдийг заавал мэдэх, эзэмших шаардлагагүй техник хангамжийн физик түвшнээс тусгаарлахаас урган гарч байна. Үүлэн тооцоолол нь интернэтэд суурилсан үйлчилгээний хувьд өгөгдөл, үйлчилгээгээ хүргэх цоо шинэ загвар болох юм. Үүл гэсэн ойлголт нь утсан холбооны үед сүлжээг дүрслэхэд хэрэглэгдэж байсан бол одоо интернэт, компьютерын сүлжээг дүрслэхэд ашиглагдах болжээ.
Нэг байгууллагын дарга байлаа гэж саная. Нэг ажилтан нэмэгдэх бүрд техник, программ хангамжаар хангах болно. Хэдэн ч хүн нэмэгдэж ирсэн энэ л үйлдлээ давтах болно. Харин үүлэн тооцоолол нь бүх программыг нэг бүрчлэн компьютер бүр дээр суулгах бус шаардлагатай программууд нь суулгагдсан нэг бүхэл серверт холбогдоно гэсэн үг юм. Таны өмнөөс цахим шууданг шалгаж, таны зөвхөн нэг товшилтоор л хариуг нь хэдхэн хормын дотор нөгөөд илгээнэ. Энэ бол үүлэн тооцооллын нэг том давуу тал. Магадгүй ажил үүргийн хуваарьт нэг том өөрчлөлт авчирч нь болно.
Cyber security strategy Archives - CS4CA
КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Их өгөгдөл, үүлэн тооцоолол, хиймэл оюун ухаан, 5G зэрэг нь урьд хожид байгаагүй их боломжийг хэрэглэгчдэд авчирч байгаа ч хувь хүн бүрийн нууцлал гэдэг зүйл салгаж ойлгож болохгүй нэг хэсэг нь юм. Их боломж олгоно гээд хаалгаа нээсэн ч түүгээр нь хэн дуртай орж, гараад байвал утгагүй хэрэг. Тиймдээ ч их боломжийг бат бөх хамгаалалтаар улам төгөлдөржүүлэх оролдлого одоо ч үргэлжилж байна. Хиймэл оюун ухааныг ашиглаад систем рүү халдах гэж буй оролдлогыг цаг тухай бүрд нь тодорхойлоод тухайн системийн нууцлалыг хором мөч бүрд өөрчилж байх зохицуулалттай үйлдлийн систем яг одоо фейсбүүк, твиттер зэрэг компаниудад бий. Тэд үүнийг бий болгох гэж дөрвөн жилийн хугацааг зарцуулсан. Технологийн салбарын мэргэжилтнүүд 5G сүлжээг их боломж олгож байгаа гэж сайшаадаг ч мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах нь нэн чухал гэж үзэн хэрэглээнд нэвтрүүлэхээ тэр бүр яарахгүй байна.
Кибер аюулгүй байдал тэртээ тэргүй дата буюу өгөгдөлтэй холбогдох тул тухайн өгөгдлийг хамгаалах үйлдлийн систем хэрэгтэй болно. Үүнийг шийдэж болох технологийн боломж нь өмнөх хэсэгт бидний дурдсан их өгөгдөл, үүлэн тооцоолол юм. Том компаниуд технологийн боломжуудад хараагаа бэлчээж байгааг том боломжийг хамгаалах үйлдлийн системд анхаарлаа хандуулж, зарцуулж буй зардлынхаа тал илүү хувийг кибер аюулгүй байдалд гаргаж буй.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!