Сурталчилгаа & Хэрэглэгчийн сэтгэл зүй

СОНГУУЛИЙН МАРКЕТИНГ | Tech-News.mn

Сонгуулийн маркетинг дээр кампанит ажлыг удирдаж байгаа менежер болон багийн гишүүд сонгуульдаа хэрхэн амжилттай оролцох, ажлаа хэрхэн төлөвлөх, судалгааны үр дүн дээр юу анхаарах, баримтлах стратеги болон тактикаа хэрхэн боловсруулах, гүйцэтгэлээ хэрхэн хийх, нөлөөлөл буюу сонгогчдын сэтгэлзүйг хэрхэн мэдрэх талаар хамгийн энгийн ойлголтуудыг нэгтгэсэн нийтлэлийг хүргэж байна. Мэдээж хамгийн эхэнд хийх ёстой зүйл бол СУДАЛГАА.

1. СУДАЛГАА:

Монголчуудын СОНГОЛТОД юу нөлөөлж, хэзээ шийдвэрээ гаргадаг вэ?

2016 оны судалгаагаар сонгуулиа өгсөн сонгогчдын олонх буюу буюу 55% нь сонгуулийн сард буюу зургадугаар сард сонголтоо хийсэн байна. Харин 30% нь сонгуулийн сар эхлэхээс өмнө сонголтоо хийчихсэн байна. Үлдсэн 15 орчим хувь нь сонгуулийн санал авах өдөр шийдсэн гэсэн байна.

Дэлгэрэнгүй судалгааны үр дүнг эндээс уншаарай.

2016 оны УИХ-ын сонгуулийн сонгогчдын насны мэдээлэлд сонирхолтой дүгнэлтүүдийг хийж болно.  Сонгуульд бараг 100 хувийн ирцтэй оролцож буй нь 60 -аас дээш насныхан байна.

Дээрх зургаан насны бүлэгт хуваасан сонгогчдын насны мэдээллийг гурван бүлэгт хувааж харвал:
 45 наснаас дээш үеийн 521.2 мянган хүн саналаа өгсөн байна
 Түүнээс доош 30-45 насныхан 504.3 мянга нь сонгууль өгчээ
 Харин 18-30 насны залуучууд 398.8 мянга буюу энэ бүлгийнхэн хамгийн бага саналаа өгчээ

Сант Марал” сан жил бүр хийдэг “Улс төрийн Барометр” ээлжит судалгаагаа 2017 оны гуравдугаар сард хийсэн байна. Энэхүү судалгаанд оролцогчдын дийлэнх нь буюу 56.9 хувь нь аль нэг намыг онцолдог уу гэдэг асуултад “Үгүй” гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл хөвөгч сонгогчид, бас нэг их улстөрждөггүй хэсэг гэж харж болно.

Хөвөгч сонгогчдод ихэвчлэн залуус тэд өөрсдийн сонголтоо санал авах байранд очсон хойноо ч хийх магадлалтай хүмүүс байдаг аж. Эндээс хамгийн энгийн логикоор хөвөгчд сонгогч буюу залуучуудын сонголтыг авахын тулд нэр дэвшигчдийгээ бусдаас илүүтэй зөвөөр таниулах, бусдаас ялгаруулах, зорилтод сегмент таргет болон персонагынхаа дүрийг гаргаж, сонирхолыг олж тэдэнд нөлөөлөх, нөлөөлийн сэтгэлзүйн арга хэлбэрүүдийг ашиглах нь давуу талыг үүсгэж илүү олон санал авах боломжтойг харуулж байна.

Нэр дэвшигчид хамгийн эхний бөгөөд энгийн хялбар ямар судалгаануудыг хийх хэрэгтэй вэ?

Гарааны судалгаа /Сонгуулын компанит ажил эхлэхийн өмнө/

 Нэр дэвшигчдийн болон хувийн рейтингийн судалгаа /Рейтингийн судалгаа/

 Нам эвсэлийн рейтингийн судалгаа /Рейтингийн судалгаа/

 Сонгогчдын хүсэлд нийцсэн улс төрч байхын тулд юуг анхаарах вэ? /ПРИмидж бүрдүүлэлтийн судалгаа/ – Брэндийн нүүр царай.

 Сонгогчдын улс төрийн сонголтонд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох судалгаа /Сонгогчдын зан төлөвийн судалгаа/

Явцын судалгаа: /Сонгуулын компанит ажил ид дундаа орох үед/

 Нэр дэвшигчдийн болон хувийн рейтингийн судалгаа /Рейтингийн судалгаа/

 Нам эвсэлийн рейтингийн судалгаа /Рейтингийн судалгаа/

 Улс төрийн үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөр, сонгогчдын санаа бодолд хэрхэн нөлөөлж байгаа судалгаа /Нөхцөл байдлын судалгаа/

 Хөвөгч сонгогчдын судалгаа / 2016 оны УИХ-н сонгуулийн судалгаагаар шийдвэрээ сонгуулийн сард нь гаргасан сонгогчийн хувь 55 байгаа нь манай улсын хөвөгч сонгогчид буюу хэнд ч саналаа өгөх магадлалтай хэсэг 50-60 хувь нь гэдгийг дахин харуулж байна. Үүний бас нэгэн нотолгоо нь Монголын нийт ард түмний 58 хувь нь намын гишүүн бус гэсэн хүн ам зүйн судалгаа байдаг/

 2. СУДАЛГААНЫ ҮР ДҮН:

Сегмент, ТаргетПерсона дүр:

Судалгаанаас хэрэгтэй олон үр дүнг харахаас гадна, хамгийн гол харах үр дүн бол сонирхлын бүлгээр нь, насны бүлгээр, оршин суугаа газрын гэх мэт сегментчилж болох бүх сегментийг гаргаж, тэдэнд сонирхлын дагуу нөлөөлж болох ижил хүчин зүйлүүдийг нь мэдэх, зорилтод сегментүүддээ ямар контентыг аль сувгаар хэрхэн хүргэх вэ, гэдгээ гаргаж ирэх хэрэгтэй. Сегментийг дотор нь персона дүрээр хуваавал шийдвэр гаргах процесст, баримтлах стратеги, тактикт илүү хэрэгтэй байж чадна.

Америкийн нийгмийг Америкийн Ардчилсан Нам ойролцоогоор хоёр мянган хэдэн зуун бүлэгт хуваачихсан байдаг. Энэ бол оёдолчны бүлэг, энэ бол покер тоглодог хүмүүсийн бүлэг, энэ бол хөл бөмбөг сонирхдог хүмүүсийн бүлэг. Тэгээд, энэ хоёр мянга хэдэн зуун бүлэгт тасралтгүй хүрч байдаг сувагтай болчихсон. Фэйсбүүкийг ашиглана, бизнесийн бүлэгт NBC-г ашиглаж, ерөнхий массдаа CNN-г ч юм уу. Тэр бүлэгтээ хүрэх сувгаа зөв тодорхойлж, тасралтгүй эргэх холбоонд орж мэдээллүүдээ түгээж байдаг.

Launching The Largest Voting Information Effort in US History - About  Facebook

3. БАРИМТЛАХ СТРАТЕГИ, ТАКТИК БОЛОН ХОЛЬЦЫГ ЗӨВ ТОДОРХОЙЛОХ:

Хамгийн түрүүнд сэдвээ зөв сонгох хэрэгтэй. Яг юу хийх вэ гэдэг. Эхний сэдэв чинь л буруу байвал бүх юм худлаа болно. Гол мэссэжээ зөв өгөх хэрэгтэй. Тэгээд дараа нь үүнийгээ жижиг деталиудад задлах хэрэгтэй. Тэр нь судалгаанаас гарсан үр дүнтэйгээ нийцэж байх ёстой буюу судалгаанаас гарсан үр дүнгийн деталиуд нь бидний баримтлах ёстой стратеги буюу сэдэв болох юм.

Нэмэлт деталиуд: Компанит ажлын уриа үг маш чухал, Төсөөлөгдөх төсөөлөл буюу хоногшилт бас чухал.

“Ялгарах+Байршил” нь хамгаас чухал ялгарлыг хамгийн түрүүнд тогтоох хэрэгтэй. Тэрний дараа байршуулах. Нэгэнт ялгараад байршчихсан зүйл Брэндтэй холбоотой. Брэнд гэдэг нь хүний сэтгэлзүйтэй холбоотой. Нэр дэвшигчийгээ хэрхэн шинжлэх ухаанчаар сонгогчдынхоо сэтгэлзүйд хэрхэн яаж байршуулах вэ? гэдгийг сайн бодож төлөвлөх хэрэгтэй.

4. ГҮЙЦЭТГЭЛ:

Сошиал медиа хүчтэй ч уламжлалт сувгуудыг зөв ашиглаж чадвал мэдээж үр ашигтай хэвээрээ байна. Учир нь зорилтод сегмент бүрд таарсан сувгийг сонгох хэрэгтэй. 2016 оны сонгуулийн судалгааны үр дүнгээс харахад сонгуульд хамгийн идэвхтэй оролцож санал өгдөг хэсэг бол 45н наснаас дээших хүмүүс байна. Энэ нь x generation болон baby boomers үеийнхэн юм. Тэд телевиз сонин, сэтгүүл, радио гэх мэт уламжлалт сувгуудаас мэдээлэл авдаг мөн сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгдөг нь, сонгуулийн үр дүнд чамлахааргүй байр суурийг эзэлдэг  байна.

Сошиал медиа буюу Дижитал болон Инбаунд маркетингийг сонгуульд хэрхэн үр дүнтэй ашиглах вэ?

Контент маркетинг: Зорилтод сонсогч/үзэгчдийн хэрэгцээ сонирхолд нийцсэн үнэ цэнэтэй агуулгыг бүтээх, түгээх замаар тэднийг тодорхой үйлдэлд хөтлөх зорилго бүхий маркетингийн арга хэрэгсэл.

 Видео контент: Видео контент бидний амьдралын нэгээхэн хэсэг аль хэдийн болсон. Судалгаанд оролцогчид өдөрт дунджаар 1.5 цагийг видео үзэж өнгөрөөдөг гэсэн ба 15% нь 3- аас илүү цагаар үздэг гэж хариулсан байна.

Сошиал медиа маркетинг: Сошиал медиа нь аль хэдийн хүмүүсийн хувийн амьдралын нэгээхэн том хэсэг болсон. Сонгуулын хувьд заавал байх ёстой маркетингийн чухал суваг нь сошиал медиа.

Чатбот: Чатбот нь 7 хоногийн 24н цагаар танай сонгогчдод мессэжний платформуудаар дамжин харилцаж, мэдээлэл өгөхөөс эхлээд бүртгэл хийх, санал хүсэлт авах, мэдээлэл түгээх зэрэг өргөн хүрээнд ашиглагдах боломжтой, чадвартай програм хангамж юм.

 Инбаунд маркетинг: Инбаунд маркетинг нь боломжит сонгогчдыг контентоор татах, сэжим болгон хувиргах, сонголтод нөлөөлөх гэсэн үндсэн үе шатаар дамждаг аргачлал. Эдгээр үе шатуудад чиглэсэн контент маркетинг хийснээр сонгогчдыг өөрийн нэр дэвшигчидээ санал өгүүлэхэд чиглэх юм.

Инфлунсер буюу нөлөөллийн маркетинг: Сошиал медиа стратеги боловсруулахад нөлөөллийн маркетинг гэсэн классик нэр томьёотой тулгардаг. Урьд өмнө нь нэр дэвшигчид одуудыг, олны танил нэртэй хүмүүсийг ашиглан маркетинг хийдэг байсан бол одоо сонгогчид өөрсдийн үе тэнгийнхний нөлөөнд ордог болсныг анзаарахгүй байж болохгүй.

Нэр дэвшигчийн Вебсайт: Мөрийн хөтөлбөрөө илүү олон хүнд хүргэх, сэжим бүртгэж авах, тэдэнд нөлөөлөх гэх мэт сонгуулийн мэдээллийн суваг болж чадах сувгийг орхиж болохгүй.

 Механик бүүстийн баг: Сошиал медиад нэр дэвшигчийг олон дагагчтай сонгогчидтой, дэмжигчтэй гэж харуулах үйл ажиллагаа.

Судалгаагаа авчихсан, рейтингээ тодорхойлчихсон, сонгогчдын зан төлөвийг гадарлачихлаа, судалгааныхаа аль үр дүн дээр яаж анхаарахаа мэдчихсэн, сонгуулийнхаа стратеги тактикаа боловсруулчихлаа, гүйцэтгэлүүдээ сайн төлөвлөчихлөө одоо ингээд болох уу? Үгүй. Дээрх бүгдийг зөв хийчихлээ гээд болчихлоо гэсэн үг биш. Та сонгогчдынхоо сэтгэлзүйг сайн мэдэхгүй, сэтгэлзүйн арга тактикуудыг сайн судлаж эзэмшиж чадаагүй бол гүйцэтгэл дээрээ сайн ажиллаж сонгогчиддоо зөвөөр нөлөөлж чадахгүй гэсэн үг. Иймд дараах энгийн хэдэн сэтгэлзүйн арга тактикуудыг зайлшгүй мэдэх нь чухал.

Political marketing - Westburn

5. НӨЛӨӨЛЛИЙН БУЮУ СОНГОГЧДЫН СЭТГЭЛ ЗҮЙ:

Бид автоматаар буюу бодолгүйгээр үйлдэл их хийдэг. Энэ нь магадгүй бид автомат буюу дадал зуршилийн үйлдлүүдийнхээ тусламжтай хамгийн сайн үр дүнд хамгийн богино хугацаанд хүрдгийнх байх. Бидний амьдралд өдөр тутам таардаг зүйлс, хүмүүс, үйл явдал, нөхцөл байдал бүрийг нэг бүрчлэн ухаж ойлгох гэж оролдох нь өөрөө утгагүй хэрэг юм. Тэгэх цаг зав, эрч хүч, чадвар хэнд ч байхгүй. Үүний оронд бид өөрсдийн зохиосон хэдэн тулгуур зарчимдаа үндэслэн юмсыг ангилж, тохирсон хариуг нь автоматаар өгч байвал амар байдаг. Заримдаа хүний огтхон ч бодолгүй гаргасан зан авир тухайн нөхцөл байдалд таарахгүй байх нь бий. Учир нь хамгийн сайн өдөөгч буюу асаагчууд ч байнга зөв байдаггүй.

Сонгогчдын сэтгэлзүйг хэрхэн мяханикаар идэвхжүүлэх вэ?

Эсрэгцүүлэх буюу харьцуулах зарчим: Энэ дундаас нэг сайн хүн байж л таараа. Энэ хүн нь бусдаасаа дээр юм байна. Энэ нам нь нөгөөхөөсөө арай дээр гэдэг үгийг та сонгогчдоос олон сонссон байх.

Хүмүүс бидэнд эсрэгцүүлэх зарчим хэмээх нэгэн ойлголт байдаг бөгөөд энэ нь дараалуулан үзүүлсэн хоёр зүйлийн ялгааг бид хэрхэн харахад нөлөөлдөг. Энгийнээр хэлбэл бидний харсан зүйлийн хоёр дахь нь эхнийхээсээ нэлээд өөр байвал бид хоёр дахь зүйл ба эхний зүйл хоёрын бодит ялгааг огт өөрөөр ойлгодог. Жишээ нь:  бид эхлээд хөнгөхөн зүйл өргөсөнөө дараа нь хүнд зүйл өргөвөл эхний зүйлийн жин нь бүүр ч хөнгөхөн санагддаг.

Энэхүү зарчмыг сонгуульд хэрхэн ашигладагыг та одоо гадарлаж эхэлж байгаа байх. Сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүс бусад нэр дэвшигчдээсээ ялгарахын тулд энэхүү эсрэгцүүлэх зарчмыг ашигладаг.

Авахаасаа өмнө өгөх буюу харилцан туслах зарчим: Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ.

Харилцан солилцооны дүрмээр бид бусдаас авсан тус, бэлэг, урилга, болон бусад зүйлсийн хариуг барих буюу эргэн төлөх үүрэг хүлээдэг. Хариу туслах дүрэм болон түүнээс урган гардаг үүрэг хүлээх ухамсар нь хүн төрөлхтөн, ард түмнүүдийн дунд өргөн дэлгэр тархсан байдаг. Хариутай бол бариутай хэмээх дүрмийг баримталдаггүй улс орон, ард түмэн гэж үгүй. Үүнийг маркетингт өр үүсгэх арга ч нэрлэдэг. Үүний хамгийн тод саяхан болж өнгөрсөн том жишээ гэвэл манай улсын ерөнхийлөгч коронотой холбоотой цар тахлын үед хамгийн түрүүнд Хятад улсад айлчилж 30000 хонь бэлэглэсэн явдал юм. Үүний хариуд Хятадын удирдагч Ши Жин Пи надад дуслыг өгвөл, би буцаад нуур болгож өгнө гэсэн Күнзийн үгийг хэлсэн амлалт юм. Харилцан туслах дүрмийг ашиглан бусдаар өөрийн хүслээ гүйцэлдүүлж болдог хүчтэй нөлөөллийн арга хэрэгсэл юм. Энэ нөлөөллийн үйлчлэлээр бид бусдын тусыг авсан л бол тэдэнд хариу тус хүргэх үүрэг хүлээсэн мэт санагдаж энгийн үед татгалзах байсан зүйл дээр За гэж хэлэх тохиолдол байдаг. Харилцан туслалцах зарчим нь бидэнд тус хүргэх замаар бусад хүмүүс биднийг тэдэнд өртэй мэт болгодог далд хүч юм.

Төрөл бүрийн зүйлс тараах нь энэхүү сэтгэлзүйн зарчмыг ашиглаж байгаа нэг хэлбэр юм.

Sardinia Emotion Service | MARKETING POLITICO E MARKETING AZIENDALE

Амлалт ба тууштай байдал: Амласан бол амлалтаа заавал биелүүлдэг байх тууштай байдал нь бидний гол хөдөлгөгч хүч.

Бид нэгэнт хийсэн сонголт тогтсон байр сууриасаа хазайхгүй, урвахгүй, үнэнч тууштай байх үүрэг хариуцлага өөртөө болон өрөөлд хүлээлгэж байдаг. Шийдвэр нэгэнт гарсан л бол бидний сэтгэл санаанд эргэлт гарч байр сууриа нэгэнт тодорхойлсон бол өөр өөртөө үнэнч байж, өөрийгөө зөвтгөх үүднээс бодол, мэдрэмж сэтгэлээ ч тэрхүү шийдвэртээ нийцүүлэн өөрчилдөг. Зөв сонголт хийсэн гэж өөртөө итгүүлснээр эргэлзэн санаа зовох нь буурч илүү аз жаргалтай болдог байна. Сэтгэлзүйчид тууштай байдал нь хүний үйл хөдлөлийг удирдах увдистай болохыг эртнээс мэддэг байжээ. Тууштай байдал нь бидний гол хөдөлгөгч хүч. Тууштай байх хүсэл эрмэлзэл тэгж харагдах нь биднийг өөрсдийнхөө ашиг сонирхлын эсрэг үйлдэл хийхэд ч хүргэх чадалтай. Тууштай байх сэтгэл яагаад ийм хүчтэй хөдөлгөгч хүч байдгийг ойлгохын тулд тууштай, туйлбартай зан нийгэмд ямар өндрөөр үнэлэгддэгийг ухаарах нь чухал юм. Туйлбаргүй хүмүүсийг нийгэм төдийлөн таатай хүлээн авдаггүй. Үг, үйлдэл нь зөрдөг хүнийг шийдэмгий бус, хоёр нүүртэн, эсвэл бүр мэдрэлийн өвчтэй гэж дуудах нь бий. Эсрэгээр нь, үнэнч тууштай хүнийг бүр ухаантай гэж үнэлдэг. Тууштай байдлын үндэс нь ухаалаг, ноён нуруутай, үнэнч шударга байдал хэмээдэг. Бид аливаа зүйлд тууштай хандаж чадвал ихэнх тохиолдолд үр дүн нь эерэг байх нь элбэг. Харин туйлбаргүй байвал бидний амьдрал хүнд хэцүү, дэгэн догон, салангид болж, бутрах аюултай. Энэхүү тууштай байдлын мөн чанар нь Амлалт юм. Жишээ нь: Сонгуулийн санал авах өдөр сонгогчдын утасруу залгаж санал өгөх эсэхийг асууж амлалт авч чадсанаар хүмүүсийн санал өгөх ирцийг нэмэгдүүлж чаддаг.

Энэхүү амлалт ба тууштай байдлын аргын өөр нэг хувилбар нь босгоор хөлөө давуулах арга юм. Энэ нь багаас эхлэн илүү том хүсэлтрүү шилжих аргачлал.

Бусдын батламж: Бүгд адилхан газар хэн ч юу ч боддоггүй.

Бид өөрсдийнхөө хувьд юу зөв бэ гэдгийг тодорхойлохын тулд хэрэглэдэг арга барилуудын нэг нь бусад хүмүүс юуг зөв хэмээж байгаа нь байдаг. Бусдын батламж нь зөв зүйл гэж юуг үзэхийг тодорхойлоход илүү хэрэглэгддэг. Бусад хүмүүс бидэнтэй ижилхэн зан авир гаргаж байгааг хараад бид өөрсдөө зөв зүйл хийж байна гэж үздэг. Ямар нэг зүйлийг бусад хүмүүс ч хийж байвал тухайн зүйлийг зохистой гэж үзэх хандлага илүү байдаг. Үүний цаана бусдын хийдэгтэй ижил хийвэл өөрөөр хийснээс бага алдаа гаргана гэдэг дүрэм байдаг. Ихэнхдээ олон хүн хийж байвал түүнийг зөв зүйл гэж үздэг. Бидэнд яг бидэнтэй төстэй хүмүүсийн үйл хөдлөл, тэдний батламж илүү хүчтэй нөлөөлдөг байна. Бид юу хийхээ тэднийг харж шийддэг. Ийм ч учраас бид өөрөөсөө ялгаатай хүнээс илүү өөртэйгөө ижилхэн хүмүүсийг дагах хандлагатай байдаг. Энэхүү зарчим аргачлалыг хэрхэн ашигладаг талаар та аль хэдийн бодоод эхэлсэн байх. Уулзалт хурал цуглаан дээр олны танил эрхэмийг авчирч, нэр дэвшигчээ магтуулах нь энэ зарчмын нэг хэлбэр юм. Мөн мэдээж сонгогчдын харж хүндэлж явдаг хүнээр, сошиал медиа буюу фэйсбүүк, инстаграмм твиттерээр, зорилтод сегментийн ижил сонирхолтой хүмүүсээр дамжуулан сонгогчдод нөлөөлдөг.

Таалагдахуй: Өөрийн үйлчлүүлэгчээ сонгогчид таалагдуулах нь Прчидын гол ажил юм.

Бид ихэнх тохиолдолд таньдаг бөгөөд таалагддаг хүнийхээ хүсэлтийг илүү зөвшөөрдөг гэдгийг олон хүн зөвшөөрөх биз ээ. Харин огт танихгүй хүмүүс өөрсдийнхөө хүссэнийг хийлгүүлэхийн тулд энэхүү дүрмийг олон янзаар ашигладаг байна.

Сэтгэл булаам гадаад төрх: Нийгмийн харилцаанд царайлаг хүмүүс илүү давуу талтай байдаг нь судалгаанаас харагддаг. Бид царайлаг хүмүүсийг дотроо автоматаар л авьяастай сайхан сэтгэлтэй, үнэнч оюунлаг хэмээн ойлгодог нь судалгаагаар батлагдсан. Ингэхдээ, ингэж дүгнэхдээ бид сэтгэл татсан гаднах төрхүүд бидний дүгнэлтэд нөлөөлж байна гэдгийг өөрсдөө ч анзаардаггүй. Сонгуульд царайлаг нэр дэвшигч царай муутай нэр дэвшигчээс илүү санал авах магадлалтай байдаг нь ийм учиртай. Үүнийг “гэрэлт аурагын нөлөө” гэж нэрийддэг. Хүний тодорхой нэг шинж чанар тухайн хүний талаарх бусдын бодолд нөлөө үзүүлэх үед гэрэлт аурагийн үзэгдэл явагддаг байна.

Ижил төстэй байдал: Хэрэв гаднах төрх нэг их нөлөө үзүүлэхгүй бол яах вэ? Тэгээд ч нэр дэвшигчид дандаа дундаж төрхтэй шүү дээ гэж та бодож магадгүй. Сонгогчдод өөр таалагдах байдал байж болох уу? Хэд хэд байдгаас хамгийн хүчтэй нь ижил төстэй байдал юм. Үзэл бодлоороо ижил төстэй байна уу, зан аашаараа тийм байна уу, өссөн орчин, амьдралын хэв маягаараа тийм үү, аль нь ч байлаа гэсэн бид өөрсөдтэйгөө ижил төстэй хүмүүст дуртай байдаг. Тийм учраас сонгогчдод таалагдаж улмаар тэдэнд нөлөөлөхийг хүсэгч нэр дэвшигч олон талаараа тэдэнтэй адилхан мэт харагдах замаар ингэж чаддаг.

Магтаал сайшаал: Хэн нэгэнд таалагддаг тухайгаа мэдэх нь хариу тааллыг нэмэгдүүлээд зогсохгүй хүслийг нь биелүүлэх механизмыг өдөөдөг байна.

Холбоо харилцаа хамтын ажиллагаа: Ихэнх тохиолдолд хүмүүс мэддэг, танил зүйлсдээ дуртай байдаг. Таалагдах зарчмын нэгэн элемент болох танил байх нь олон төрлийн шийдвэр гаргахад бидэнд нөлөөлж байдаг. Санал өгөх бүхээгт ороод нэр дэвшигчийн нэр нь танил санагдсанаас болоод л саналаа өгчих тохиолдол элбэг байдаг.

Холбогдол: Хоорондоо холбоотой хоёр зүйлийг хараад хүмүүсийн үзүүлдэг хариу үйлдэл байдаг. Холбогдлын зарчим гэдэг нь сөрөг болон эерэг холбоо хамаарлыг зохицуулж байдаг ерөнхий зарчим юм. Муу эсвэл сайн юмтай холбогдоход л хүмүүсийн сэтгэгдэл өөрчлөгддөг. Сонгуулийн кампанит ажлын менежерүүд сонгогчдынхоо сонирходог дуртай зүйлсэд нэр дэвшигчийгээ хамаатуулахыг хичээдгийг өмнө нь та анзаарч байсан байх.

Хувцаслалт: Хүмүүсд таалагдах байдлыг автоматаар идэвхжүүлдэг нэг зүйл бол хувцаслалт байдаг.

Итгэл үнэмшил олж авах: Сонгогчдын өмнө зөв дүрээр итгэл үнэмшил олж авах арга.

Сэтгэлзүйн хариу урвал: Бараг бүх тохиолдолд ямар нэгэн мэдээллийг хориглосноор устгаснаар хүмүүс тухайн мэдээллийг үзэх хүсэл өмнөхөөсөө илүү тааламжтайгаар харахад хүргэдэг. Тэр үед тухайн мэдээлэлд итгэх итгэл үлэмж нэмэгддэг. Энэ нь сэтгэлзүйн хариу урвал.

Агшин зуурын нөлөөлөл: Сонгогчид хэн нэгний эсвэл аливаа зүйлийн талаар шийдвэр гаргахдаа боломжит бүх мэдээллийг ашигладаггүй. Харин бүх мэдээллийн төлөөлөл болох ганц нэг мэдээллийг ашиглан шийдвэр гаргадаг. Сонгогчид тийм эсвэл үгүй гэдгийг шийдэхдээ мэдээллийн нэг хэсэгт л анхаарлаа төвлөрүүлэн, хамгийн чухал хэсгийг нь л харгалздаг. Тэр хэсэг нь сонгогчдыг зөв сонголт хийхэд чиглүүлэх мэдээлэл байдаг учир хамгийн түгээмэл хэрэглэгддэг.

Эх Сурвалж: Dima.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!