Дижитал стратеги

ИННОВАЦИ ГЭЖ ЮУ ВЭ? | Tech-News.mn

Товчоор хэлбэл энэ ойлголтыг аливаа шинэ бүтээмж, шинэ санааг эдийн засгийн эргэлтэд оруулж, мөнгө олох гэж ойлгож болно. Үйлдвэрлэл, үйлчилгээ, төрийн удирдлагын салбарт дэвшилтэт үр нөлөө авчрах шинэ буюу шинэчлэгдсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ технологийн процесс, мөн удирдлага, зохион байгуулалт, санхүү, эдийн засгийн болон бусад шийдлүүд инновацийн үр нөлөө юм.
Инноваци нь шинэлэг гэсэн санааг илэрхийлсэн англи үг бөгөөд дэлхийн олон оронд орчуулалгүйгээр хэрэглэж байна.
Эдийн засгийн онолд олон янзаар тодорхойлж байгаа инновацийн талаархи олон улсын стандарт ойлголтыг нэг мөр болгоход ач холбогдол бүхий 1993 оны Фраскатын удирдамжид
“Инноваци гэж шинэ бас шинэчилсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, технологийн процессийг боловсронгүй болгох, нийгмийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр явуулж буй үйл ажиллагааны эцсийн үр дүн” гэж тодорхойлсон байдаг.
Инновацийг бүтээх гурван үндсэн шалтгаан байдаг. Үүнд:
• Шинэ санаа, шинэ технологийг амьдралд хэрэглэх, хэрэгцээ
• Шинэ санаа, технологийг хэрэгжүүлэх мэдлэг чадвар бүхий хүн, технологи
•Шинэ санааг олон түмэнд хүргэхэд үзүүлэх эдийн засгийн дэмжлэг
Үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг аль болох зардал багатай ашигтай болгохын тулд үргэлж шинэчилж, шинэ технологийг үйлдвэрлэлдээ хэрэгжүүлэх сонирхолтой байдаг учир нэгдүгээрт үйлдвэрлэлийн зүгээс инноваци гардаг. Нөгөө талаас хэрэглэгчийн хэрэглэж буй бүтээгдэхүүн тухайн хэрэглэгчийн шаардлагыг хангаагүй тохиолдолд хэрэглэгч өөртөө тааруулан бүтээгдэхүүнийг өөрчилснөөр инноваци гарах хоёр дахь шалтгаан болж байдаг.
Инновацийн индексээр Солонгос улс дэлхийд тэргүүлдэг ажээ. Энэтхэгийн хувьд биотехнологийн салбарыг түшиглэсэн инноваци хурдаа авч байна.
Инновацийг хэмжих үндсэн шинжүүд /шалгуурууд/ нь:
– Шинжлэх ухаан, технологийн хувьд шинэлэг,
– Практикт хэрэгжихүйц,
– Зах зээлд арилжаалагдах шинжтэй байх. Энэ бүх чанараараа хэрэглэгчдийн тодорхой эрэлт хэрэгцээг хангаж байж чадахуйц байх явдал юм.
Өөрөөр хэлбэл шинэ бүтээгдэхүүн, эсвэл шинэ процесст шингэж бүтээгдсэн шинэлэг санаа л “инноваци” болж байна.
Инновацийг бүтээлч шинэ санаа, шинэчлэл гэсэн ойлголтуудтай хольж ойлгох хандлага элбэг байдаг. Ялгааг нь авч үзвэл:
• Бүтээлч шинэ санаа /creativity/ – Энэ нь шинэ санаа, сэдэл, төсөөллийг бий болгохыг хэлнэ. Нээлт, зохион бүтээлт, патент, бүтээгдэхүүний тэмдэг, шинэ санаагаа саналын хэлбэрээр илэрхийлэх, шинэ юмуу боловсронгуй болгосон бүтээгдэхүүн, ноу хау, стандарт, зөвлөгөө, аргачлалын хэлбэрээр, зах зээлийн судалгааны үр дүнгийн хэлбэрээр тус тус илэрдэг. Мөн шинэ санаа, зүйлийг өөрийнхөө хэрэгцээг хангах, худалдах зорилгоор бүтээдэг.
• Инноваци – Шинэ сэдлээ бодит бүтээгдэхүүн, үйлчилгээ болгох явц нь юм. Шинэ зүйл хийхийн тулд маркетингийн судалгаа, эрдэм шинжилгээ, туршилт зохион бүтээх ажил явуулж, үйлдвэрлэлийн зохион байгуулалт- технологийн бэлтгэл ханган үр дүнг тодорхойлдог. Ингэсний дараа обьектыг өөрчлөн шинэчлэх, тодорхой үр дүн гаргах зорилгоор шинэ зүйлийг нэвтрүүлсний эцсийн үр дүн нь инноваци байна.
• Шинэчлэл /reform/ – Макро түвшний өргөн хүрээг хамарсан өөрчлөлт шинэчлэлтийг хэлнэ.
• Инноваци – микро түвшинд өрнөж буй шинэчлэлүүдийн тухай ойлголт юм.
Шинэ санааг амьдралд хэрэгжүүлэхийн гол ач холбогдол нь илүү нэмүү өртөг, үр ашиг, бүтээмж, нийгмийн үнэ цэнэ бий болгодогт оршдог гэж товчхон хэлж болно. Бизнесийн байгууллагын тухайд, тухайн компанийн инновацийн бодлого амжилттай хэрэгжсэнээр дэвшилтэт технологийг ашиглан бүтээгдэхүүний чанараа сайжруулж, ингэснээр худалдан авагчийн эрэлт хэрэгцээг хангах, шинэ зах зээл бий болгох, зардал хэмнэх, аль болох бага эрчим хүч ашигласнаар байгаль орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах зэрэг үр дүнд хүрч болох юм.
Энэ утгаараа инноваци нь хувь хүн, өрх гэр, байгууллагын түвшинд төдийгүй улс үндэстэн, бүс нутаг, дэлхийн хөгжлийн суурь гэж хэлж болохуйц ач холбогдолтой.Шинэлэг зүйлийг хүмүүсийн сайн сайхан амьдралын төлөө, хүний хөгжлийг гол зорилгоо болгосон, нийгмийн эрх тэгш байдал, тогтвортой хөгжлийг хангахад чиглүүлэх нь чухал.
Нөгөөтэйгүүр, сонирхогч хувь хүн, байгууллага хаана ямар компани чухам ямар бизнес эрхэлдэг болох талаар шаардлагатай мэдээлэл авч чаддаггүйг өөрчлөн бизнесийн хамтрагчаа олоход боломж олгосон үндэсний мэдээллийн албан ёсны тогтолцоо бүрдүүлэх хэрэгтэй гэж боддог. Мөн үндэсний болон дэлхийн бусад улсын технологийн талаархи мэдээллийн олон нийтэд хүртээмжтэй иж бүрэн системтэй болох явдал чухал байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!