Дижитал стратеги

User Experience, User Interface хоёрын ялгаа, хамаарлын тухай ойлгох нь

User Interface (UI) буюу хэрэглэгчийн интерфэйс нь хүнийг бүтээгдэхүүн, үйлчилгээтэй харилцуулж буй товчлуур, айкон гэх мэт визуал элемент, хуудас, дэлгэцийн цогц юм. Харин User Experience (UX) буюу хэрэглэгчийн туршлага нь хүн тодорхой байгууллага, компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй харилцахдаа олж авч буй дотоод дадал туршлагыг хэлнэ.

Практикт энэ хоёр нэр томьёог сэлгэж хэрэглэх, хааяа ташаа тайлбарлах нь ч тохиолддог тул учрыг нь олох гээд үзье.

UI гэж юу вэ?

Энгийн тайлбарлах аваас User Interface (UI) буюу хэрэглэгчийн интерфэйс гээч нь хэрэглэгчээс дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээтэй харилцахдаа ашиглаж буй бүх зүйлийг хэлж байгаа. Үүнд компьютерийн монитор, ухаалаг төхөөрөмжийн сенсорт дэлгэц, товчлуурт гар, тэр ч байтугай дуу авиа, гэрэл ч байж болно.

Хэрэглэгчийн интерфэйсийн товч түүх

Тэртээх 1970-аад онд хүн компьютер ашиглах гэвэл командын мөрийн интерфэйс л ашигладаг байсан юм. Эдүгээ өргөн хэрэглээ болсон график интерфэйс тэр үед байсангүй. Компьютер дээр ажиллаж, энгийн юм хийхийн тулд програмчлалын хэл ашиглаж, уртын урт код бичих хэрэг гарна.

Хожим 1980-аад онд Xerox PARC-ын компьютерийн эрдэмтэд анхны GUI (Graphical User Interface) буюу хэрэглэгчийн график интерфэйс гаргалаа. Энэхүү хувьсгалт инновацийн ачаар хэрэглэгч персонал компьютертэйгээ айкон, товчлуур, цэс, тэмдэглэгээ бүхий дүрстэй команд ашиглаж харьцдаг болсон юм.

Технологийн шилжилтийн дүнд хүн бүр код оруулах шаардлагүйгээр компьютер ашиглах нөхцөл бүрдэж, персонал компьютерийн хувьсгал эхлэв.

Дараа нь 1984 онд Apple Computer компани чиглүүлж байгаад товшиж орхидог хулгана гээч юмтай Macintosh персонал компьютер гаргаадахав. Macintosh нь хулгана интерфэйс бүхий гэрийн хэрэглээний анхны гүйлгээтэй компьютер байлаа.

Персонал болон офис компьютер хямд төсөр, нийтлэг болж ирснээр хэрэглэгчтэй холбож өгөх интерфэйс чухал боллоо. Хэрэглэгч нь хэрэглэж болохгүй байгаа компьютерийг зарах аргагүй.

Ингээд UI designer буюу хэрэглэгчийн интерфэйсийн дизайнер гэсэн мэргэжил үүслээ.

Технологи хөгжих хэрээр UI дизайнерын үүрэг ч нарийсан хувьсав. Өнөөгийн UI дизайнерууд компьютерийн интерфэйс төдийгүй ухаалаг утас, виртуал болон нэмэлт (augmented) бодит байдлын интерфэйс хөгжүүлэгч болсон. Тэр ч байтугай zero UI буюу дуу хоолой, дохио зангаа, гэрэл ашигладаг “үл үзэгдэх”, дэлгэцгүй интерфэйс үүслээ.
Өнөөгийн UI дизайнерт вэб сайт, мобайл аппликэйшн, өмсдөг технологи, гэр ахуйн ухаалаг дивайс гэх мэт төрөл бүрийн салбарт ажиллах асар их боломж бүрдсэн. Компьютер өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсонтой уялдан бүх насны, янз бүр боловсрол мэдлэг, дадлага туршлагатай ямар ч хэрэглэгчид нийцэх интерфэйс чухал болов.

График интерфэйс болоод хулгана нь тэр үедээ жинхэнэ тэсрэлт байлаа.

User Interface (UI) буюу хэрэглэгчийн интерфэйс төгөлдөржин хөгжсөний үр дүн нь User Experience (UX) буюу хэрэглэгчийн туршлага юм. User Experience гэсэн нэр томьёог когнитив ухааны эрдэмтэн Дон Норман 1990-ээд оны эхээр Apple-д ажиллаж байхдаа доорх байдлаар тодорхойлжээ:

“User Experience нь эцсийн хэрэглэгчээс (end user) байгууллага компани болон үйлчилгээ, бүтээгдэхүүнтэй нь харилцан үйлчлэх бүх аспектыг багтаадаг ойлголт”.

Өргөн хүрээтэй энэхүү тодорхойлолтоос үзвэл UI нь дан ганц дижитал дадлага туршлагаар зогсохгүй хүнээс бүтээгдэхүүн, үйлчилгээтэй харилцан үйлчлэхэд хамааралтай бүх аспектыг багтааж байна.

Мэргэжлийн зарим хүмүүс өөр өөр тодорхойлолт (aspect) гаргаж ирдэг ч харилцан үйлчлэлд бүх аспектыг багтааж, хүмүүнд төвлөрсөн Норманы анхны тодорхойлолт л UX-ын цөм хэвээр.

Үр дүнтэй UX дизайн ямар бүтэцтэй байхыг харуулдаг Питер Морвиллын график дүрслэл гэж бий.

Энэ дүрслэлд:
• useful — ач тустай
• usable — хэрэглээтэй
• desirable — хүсэл төрөхүйц
• valuable — үнэ цэнтэй
• findable — хайж болохуйц
• accessible — харьцахад хялбар
• credible — найдвартай гэсэн утгууд гардаг.

Морвиллын график нь UX профессионалуудаас шилдэг UX үүсгэх суурь болж өгдөг. Ийм суурь бүрдүүлэхийн тулд хэрэглэгчийн хэд хэдэн аспектыг анхаарах нь чухал:

• Хэрэглэгч компанийн бүтээгдэхүүнийг хэрхэн олж мэдэх вэ

• Хэрэглэгч интерфэйстэй харьцах үйлдлийн дараалал

• Хэрэглэгч интерфэйстэй харьцахад үүсэж буй бодол, мэдрэмж

• Интерфэйстэй харьцсанаар хэрэглэгчид үлдэх сэтгэгдэл.

• Компани үйлчлүүлэгчийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр найдвартай хангаж, аль аль нь хүссэн үр дүндээ хүрэх нөхцлөөр хангах нь UX дизайнерын үүрэг.

UX дизайнер нь судалгаа, туршилтаар дамжуулж хэрэглэгчдээ таньж ойлгохын тулд UI дизайнер, UX судлаач, маркетер, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн багтай нягт харилцаатай ажилладаг байна.

Эх сурвалж: Veritech.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!