Бизнес загвар

Сургалтын системд хөрөнгө оруулалтын үр өгөөжийг үнэлэх аргыг хэрэгжүүлэх | Tech-News.mn

ROI аргачлал нь сургалтын мөнгөн ба мөнгөн бус үр ашгийг үнэлж, тооцоолох аргачлал, нөгөө талаас гүйцэтгэлийг үнэлэх хэрэгсэл бус, процессыг сайжруулах хэрэгсэл юм.
Сургалтын системд “Хөрөнгө оруулалтын үр өгөөж”-ийг үнэлэх процессын гол үйл ажиллагаа нь өгөгдөл цуглуулах юм.
Түвшин бүр дээр өөр арга хэрэгслүүд ашиглагдана.
• Түвшин 1: Оролцогчдоос нээлттэй болон хаалттай санал асуулга, судалгаа авах, үнэлгээ хийх
• Түвшин 2: Сургалтаас олж авсан мэдлэг шалгах тестүүд, ур чадварыг шалгах тестүүд, хөндлөнгийн хяналт, үнэлгээ хийх
• Түвшин 3: Зан төлөвийг тодорхойлох асуулгууд, ажиглалт, ажлын туршлага, оролцогч, менежерүүдийн ярилцлага, төлөвлөгөөт ажлын хэрэгжүүлэлт
• Түвшин 4: Бүтээмж, чанарын хэмжүүр, хэрэглэгчийн сэтгэл ханамж, цагийн зарцуулалт, ажилтнуудын шилжилт хөдөлгөөн гэх мэт.
СУРГАЛТЫН ҮР ДҮНГИЙН 1-Р ТҮВШНИЙ ҮНЭЛГЭЭ
Зорилго:
Сургалтын үр дүнгийн 1-р түвшний үнэлгээ нь суралцагч сургалтанд сэтгэл ханамжтай байгаа эсэх, сургалтын талаар ямар сэтгэгдэлтэй байгаа зэргийг тодорхойлох нөгөө талаас суралцагчид болон байгууллагын хэрэгцээ шаардлагыг хангаж чадах сургалтыг зохион байгуулахад бодит санал хүсэлтийг багшид өгч байх зорилготой.
Өгөгдөл цуглуулах
Энэ түвшний үнэлгээг суралцагчдаас нээлттэй болон хаалттай санал асуулга, судалгааг цаасан болон онлайн хэлбэрээр авна.
Үнэлгээний асуулгууд нь дараах агуулгуудыг багтаасан байх шаардлагатай.
1. Сэтгэл ханамж- Суралцагч сургалтанд сэтгэл ханамжтай байгаа эсэхийг үнэлэх
2. Сургалтын үр өгөөж- Суралцагч сургалтын турш түүний ажилд ашигтай, хэрэгцээтэй байж чадах мэдлэг, ур чадварыг олж авсан эсэхийг үнэлэх
3. Сургагч багшийн ур чадвар- Сургалт зааж байгаа багшийн сургалтын турш танхимыг удирдаж байгаа ур чадвар, мэдлэг мэдээлэлийг хүргэж байгаа арга барил, суралцагчдыг идэвхижүүлж байгаа чадвар хэр байгааг үнэлэх
4. Мэдээлэл хүргэж буй арга зам, технологи – Сургалтын материал ойлгомжтой, хоорондын логик холбоотой, сургалтанд ашиглаж байгаа технологи, тоног төхөөрөмж нь ашиглахад хялбар, ойлгомжтой, орчин нөхцлийг тухтай бүрдүүлж чадсан эсэхийг үнэлэх
Үнэлгээ хийх
Сургалтын дараах үнэлгээг сургалт дуусмагц сургалтанд оролцогчоор хийлгэнэ.
СУРГАЛТЫН ҮР ДҮНГИЙН 2-Р ТҮВШНИЙ ҮНЭЛГЭЭ
Зорилго:
Сургалтын үр дүнгийн 2-р түвшний үнэлгээ нь суралцагч сургалтын турш олж авсан мэдлэг, ур чадвар, зан төлөв, хандлагыг үнэлэх зорилготой. Мэдлэг олж авах процесс нь сургалтан дээрх мэдээ, мэдээлэл, баримтуудыг хэр суралцснаар тодорхойлогддог бол ур чадвар нэмэгдэх процесс нь сургалтаас олж авсан мэдлэгээ хэрхэн хэрэгжүүлж байгаагаар тодорхойлдог. Зарим тохиолдолд сургалтын хамгийн гол үр дүн шууд нүдэнд үл харагдах биш тухайн ажилтны зан төлөв, хандлагаар тодорхойлогддог байж болно.
Өгөгдөл цуглуулах
Энэ түвшний үнэлгээг суралцагчийн сургалтаас олж авсан мэдлэг шалгах тестүүд, ур чадварыг шалгах тестүүд, хөндлөнгийн хяналт, үнэлгээ хийх хэлбэрээр тодорхойлно.
Сургалтын зорилгоос хамаараад эзэмшсэн мэдлэг, ур чадвар, зан төлөв, хандлагыг үнэлэх хэлбэр, форматууд өөр өөр байна. Тухайлбал сургалтын зорилго нь тухайн сэдвийг таниулах, мэдлэг олгох бол олон сонголттой тест авах, харин ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой бол тухайн ур чадварыг гүйцэтгэлийн явцад үнэлж дүгнэх нь илүү тохиромжтой байдаг.
Үнэлгээ хийх
Мэдлэг олж авсан эсэхийг үнэлэхдээ дан ганц сургалтын дараах үнэлгээгээр тодорхойлох нь хангалтгүй, учир нь тухайн хүн сэдвийн талаар сургалтаас өмнө мэдлэгтэй байж болох тул үнэлгээг сургалтын өмнөх болон дараах мэдлэгийн тестүүдийг харьцуулах, эсвэл сургалтын турш сургагч багшийн ажиглалтаар тодорхойлох нь зүйтэй. Мэдлэг олгох зорилготой сургалт бол сургалтын өмнө болон төгсгөлд мэдлэг шалгах тестийг харьцуулах замаар тодорхойлно.
СУРГАЛТЫН ҮР ДҮНГИЙН 3-Р ТҮВШНИЙ ҮНЭЛГЭЭ
Зорилго:
Сургалтын үр дүнгийн 3-р түвшний үнэлгээ нь сургалтын дараа хамгийн багадаа 3 сарын хугацаанд хийгдэх бөгөөд ажилтны ажилдаа хандах хандлагын өөрчлөлт, ажлын гүйцэтгэлд гарах дэвшилтэт үр дүнг тодорхойлох зорилготой.
Өгөгдөл цуглуулах
Энэ түвшний үнэлгээг ажил үүргийн гүйцэтгэх байдал, ажлын бүтээмжид гарч буй өөрчлөлт, гүйцэтгэлийн чанарыг хэмжих аргаар тодорхойлно. Сургалтаас олж авсан мэдлэг, ур чадвар, хандлагыг ажил дээрээ хэрхэн хэрэгжүүлж байгаа тодорхойлох нь нэлээн ярвигтай.
Үнэлгээ хийх
Сургалтын дараах 3-р түвшний үнэлгээ нь ажилтны ажилдаа хандах хандлага /гаргасан алдааны тоо буурах, гомдлын тоо буурах гм/, ажлын гүйцэтгэлийн үр дүн сургагч багш, хамтран ажиллагч, ахлах, менежер, захиралуудын хөндлөнгийн тандалт, мониторинг, санал асуулгаар тодорхойлно. Зан төлөвийг тодорхойлох асуулгууд, ажиглалт, ажлын туршлага, оролцогч, менежерүүдийн ярилцлага, төлөвлөгөөт ажлын хэрэгжүүлэлт зэргээр тодорхойлно.
СУРГАЛТЫН ҮР ДҮНГИЙН 4-Р ТҮВШНИЙ ҮНЭЛГЭЭ
Зорилго: Сургалтын үр дүнгийн 4-р түвшний үнэлгээ нь суралцагч байгууллагын бизнесийн зорилго зорилтод нийцэх, бизнесийн ажиллагаанд эерэгээр нөлөөлөх үр дүн гаргасан эсэхийг тодорхойлох зорилготой.
Өгөгдөл цуглуулах
Энэ түвшний үнэлгээг байгууллагын үйл ажиллагаанд үүсч байсан бэрхшээл, асуудлуудыг тухайн ажилтан сургалтын өмнө болон дараа хэрхэн шийдвэрлэсэн, гүйцэтгэсэн эсэхийг хадгалагдсан мэдээ, мэдээлэл, өгөгдлүүдийг харьцуулах, бүтээмж, чанарын хэмжүүр, хэрэглэгчийн сэтгэл ханамж, цагийн зарцуулалт, 7 хоногийн борлуулалт, ажил таслалт зэрэг өгөгдлүүдийг цуглуулан дүн шинжилгээ хийх аргаар тодорхойлно.
Үнэлгээ хийх
Сургалтын дараах 4-р түвшний үнэлгээ нь ажилтны өмнөө тавьсан зорилго, төлөвлөгөөгөө бүрэн дүүрэн хэрэгжүүлж, зорилго, зорилтдоо хүрсэн эсэх, бүтээмж, чанарын хэмжүүр, хэрэглэгчийн сэтгэл ханамж, цагийн зарцуулалт, 7 хоногийн борлуулалт, ажил таслалт өсөлт, бууралтын ажилтны ахлах, менежер, захиралуудын хөндлөнгийн тандалт, мониторинг, санал асуулгаар тодорхойлно.
3. Өгөгдөлд дүн шинжилгээ хийх
Сургалтын турш болон сургалтын дараах өгөгдлүүдийг цуглуулан дүн шинжилгээ хийхэд дараах 3 үндсэн аргыг гол төлөв ашигладаг.
1. График, харьцуулалтын аргаар сургалтаас олж авсан мэдлэг, ур чадварыг шууд тодорхойлох
2. Оролцогчид, менежерүүд, хэрэглэгчид, экспертүүдийн санал, хэлэлцүүлэг, дүгнэлтүүдийг нэгтгэн, дүгнэлт хийх
3. Сургалтанд хамрагдсан ажилтан болон багийн үйл ажиллагааны үр дүн бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлсөн бодит хэмжүүрээр /KPI өсөлт бууралт/
Хөрөнгө оруулалтын үр өгөөжийг тооцох
ROI = Сургалтын цэвэр үр ашиг/Сургалтын зардал
Жиш: Сургалтын зардал – 230,000₮
Сургалтын үр ашиг /эхний жил/ – 430,000₮
ROI=(430,000-230,000)/230,000=0,87*100=87%
Биет бус үр ашиг
– Ажилдаа сэтгэл ханамжтай байх
– Багийн ажиллагаа сайжрах
– Хэрэглэгчийн үйлчилгээ
– Гомдол буурах
Өгөгдлийг мөнгөн дүнд хувиргах
1. Байгууллагын үнэ цэнийг санхүүгийн дотоод эх үүсвэр, нөөц боломжтой харьцуулах: Бүтээмжийн өсөлт, чанарын өсөлт, ажилтнуудын шилжилт хөдөлгөөний бууралт, ажлын цаг хэмнэлт гэх мэт.
2. Эксперт, оролцогчид эсвэл хүнийн нөөцийн мэргэжилтэн, менежерүүдийн үнэлгээ, саналуудыг ашиглах
3. Мэргэжлийн байгууллагууд, интернет эх үүсвэр, ном сурах бичиг зэрэг боломжит өгөгдлийн сангуудыг ашиглах
Сургалтын зардлыг үнэлэх
– Шууд өртөг : Ашиглагдах сургалтын материал, өдрийн цай, кофе гэх мэт
– Гол зардал : Сургалтын үйл ажиллагаанд оролцож буй ажилтан, сургагч нарын цалин хангамж
– Бусад зардал: Сургалтын бэлтгэл шат, хэрэгжилт, хэвийн ажиллагааг хангах, үр дүнг үнэлж сайжруулахад шаардагдах

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!