Бизнес загвар

БИЗНЕС ЗАГВАРЧЛАЛ БА ХЭРЭГЛЭГЧИД ХҮРГЭХ ҮНЭ ЦЭН | Tech-News.mn

Бизнес загварчлалын зураглалыг анх Александр Остервалдер судалгааны ажилдаа үндэслэн 2008 онд анх ашиглаж эхэлсэн байдаг. Энэ нь бизнесийг маш энгийн, ойлгомжтой, хоорондын нягт уялдаатайгаар зөвхөн нэг хуудсанд гарган харж сурах тухай л юм.
Хуучин энтрепренерүүд бизнесийн хэтийн төлөвлөгөө, зорилгоо тодорхойлохдоо юун түрүүн БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ буюу бизнесээ хийх нарийн дэс дараатай үйл ажиллагаа, үйл ажиллагааны процессуудыг судлан, хэлэлцэж гаргахад цаг хугацаа ихээр зарцуулдаг байв.
Харин орчин үед зах зээл хурдацтай тэлж, хэрэглэгчдийн хүсэл сонирхол хурдан өөрчлөгдөж байгаа учраас бизнес төлөвлөгөө хийх гэсээр байтал бидний бизнес хоцрогддог.
Бизнесийн загварчлал нь тухайн бизнес болон компанийн өөрийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэхдээ ХЭРХЭН ҮНЭ ЦЭНИЙГ БҮТЭЭЖ, БИЙ БОЛГОЖ БАЙГААГ ТОДОРХОЙЛОХ ЗУРАГЛАЛ юм.
Бизнесийнхээ зураглалыг гаргахын тулд:
1. Таниас ямар нэгэн өндөр мэдлэг ур чадвар шаардахгүй.
2. Энэ нь өөрийн бизнесийн үр өгөөжийг хурдан хугацаанд олж харах, бүтээгдэхүүн болон үйлчилгээгээ зах зээл дээр байршуулах, оролцогч талуудтай холбогдох боломжийг олж харах юм.
3. Мөн бизнес санаагаа илүү тодорхой ойлгох, хөгжүүлэх, төлөвлөх, төсөл, төлөвлөгөө бичих хамгийн сонгодог арга юм.
Өөрөөр хэлбэл та өөрийн толгойд байгаа санааг эхний байдлаар цаасан дээр буулгаж, бусад хүмүүс түүнийг тань харж, асуудлын шийдлийг олж харах гэж ойлгож болно.
Бизнесийн загварчлалыг гаргахын тулд дараах үндсэн 9 элементийг зайлшгүй тодорхойлох шаардлагатай.
1. ҮНЭ ЦЭН – Бизнес гэдэг бол үнэ цэн юм. Хэрэглэгч таниас бүтээгдэхүүн, үйлчилгээ бус үнэ цэнийг худалдаж авдаг. Өөрөөр хэлбэл таны бизнес таны хэрэглэгчидэд ямар өгөөжийг авчрах вэ гэдэг асуултанд хариулах хэрэгтэй.
ХЭРЭГЛЭГЧИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЖ, ТОДОРХОЙ ХЭРЭГЦЭЭНҮҮДИЙГ НЬ ХАНГАЖ БАЙГАА ҮР ДҮН БОЛ ҮНЭ ЦЭН ЮМ. Үүнийг энгийнээр тайлбарлавал
БИЗНЕСТ ХАМГИЙН ЧУХАЛ НЬ
1. Брэндээ таниулах, хоногшуулах
2. Зах зээлд эзлэх хувь хэмжээгээ нэмэгдүүлэх
3. Хэрэглэгчдээ бүтээгдэхүүн үйлчилгээг таниулах, сурталчилах, хүргэх
4. Борлуулалтаа өсгөх
5. Хэрэглэгчид харилцагчдынхаа тоог өсгөх
6. Чадварлаг ажиллах хүч бүрдүүлэх гэх мэт олон хүчин зүйлс нөлөөлсөөр байдаг
ХАРИН ХЭРЭГЛЭГЧ, ХАРИЛЦАГЧ НАРТ ЮУ ХЭРЭГТЭЙ БАЙДАГ ВЭ ГЭДГИЙГ ОЛЖ ХАРАХ ТАЛ ДЭЭР ДУТМАГ САНАГДДАГ. Бизнес хэрэглэгч, харилцагч нар байхгүйгээр дээрх чухал зүйлсийг бүрдүүлж чадахгүй. Тэгвэл хэрэглэгч, харилцагч нарт яг бодит байдал дээр бүтээгдэхүүн, үйлчилгээ нэн тэргүүний чухал биш, харин тэдэнд асуудлыг нь шийдсэн, хэрэгцээг нь хангасан, хэрэглээг нь хялбарчилсан, чанартай, санхүүд нь хүндрэл учрахгүй байх ҮНЭ ЦЭН л хэрэгтэй байдаг.
2. ЗОРИЛТОТ ХЭРЭГЛЭГЧДИЙН СЕГМЕНТ нь компани хүрч үйлчлэхийг зорьж байгаа хэрэглэгчдийн бүлэг юм. Компани нэг эсвэл хэд хэдэн хэрэглэгчийн сегментүүдэд үйлчилдэг. Үүнийг тодорхойлохын тулд та дараах асуултуудад заавал хариулах шаардлагатай.
• Та хэнд зориулж үнэ цэнийг бүтээж байна вэ?
• Бидний хамгийн чухал хэрэглэгчид хэн бэ?
• Тэд хаана амьдардаг вэ?
• Тэд хэдэн настай вэ?
• Тэд хэдэн төгрөгний орлоготой вэ?
• Тэд хаанаас бүтээгдэхүүн худалдан авч байна вэ?
• Тэд ямар төрлийн бүтээгдэхүүнүүдийг сонирхож байна вэ?
3. ХЭРЭГЛЭГЧИДТЭЙ ХОЛБОГДОХ СУВГУУД – Компани өөрийн үнэ цэнийг хэрэглэгчдийн сегментүүдэд хэрхэн хүргэж, тэдэнтэй хэрхэн холбогдож байгаагаа тодорхойлно. Хэрэглэгчидтэй харилцаа холбоо тогтоох сувгуудаа тодорхойлохын тулд тэдэнд хүрч үйлчлэх боломжийн байршилтай, өртөг зардал багатай, таатай хүлээж авдаг борлуулалт, хуваарилалт, хамтын ажиллагааны сувгуудыг сонгох шаардлагатай. Тухайлбал:
• Шууд борлуулалтын суваг
• Сошиал суваг
• Өөрийн дэлгүүр
• Түншүүдийн дэлгүүр
• Албан ёсны дистрибюторын сүлжээ гэх мэт
4. ХЭРЭГЛЭГЧИДТЭЙ ХАРИЛЦАА ТОГТООХ – Тухайн компани хэрэглэгчидтэйгээ харилцах харилцааны төрлүүдийг тодорхойлдог. Жишээлбэл: автоматчилагдсан үйлчилгээ, VIP үйлчилгээ, showroom, өөрөө өөртөө үйлчлэх, хамтран бүтээх, хэрэглэгчдийн холбоо зэрэг харилцааны төрлүүдээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэж байгаа хэлбэр юм.
5. ОРЛОГЫН УРСГАЛ– Хэрэглэгчийн сегмент бүрээс орж ирж байгаа орлогыг тодорхойлно. Магадгүй тухайн бизнесийн онцлогоос хамаараад орлогын төрлүүд олон. Тухайлбал: Бүтээгдэхүүний борлуулалтын орлого, лицензийн төлбөрийн орлого, зээл, түрээс, лизинг, бүртгэлийн төлбөр, зар сурталчилгааны орлого гэх мэт. Компани хэрэглэгч таны ямар үнэ цэнэд төлбөр төлөх хүсэлтэй байгааг тодорхойлох, тэд юунд хэрхэн төлбөр төлж байгааг судлах нь хамгийн чухал.
6. ГОЛ ТҮНШ, ХАРИЛЦАГЧИД -Таны бизнесийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах түншүүд болон ханган нийлүүлэгчдийн сүлжээг тодорхойлдог.
7. ГОЛ НӨӨЦ- Тухайн бүтээгдэхүүн үйлчилгээг үйлдвэрлэх, зах зээлд байршуулах, түүхий эд материалыг татан авах, бэлтгэх, хөгжүүлэхтэй холбоотой бүхий л үйл явцыг хамарсан материаллаг болон материаллаг бус нөөц үүнд хамаарагдана.
8. ХЭРЭГЛЭГЧДЭД ҮНЭ ЦЭН ХҮРГЭХ ГОЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА– Бизнесийнхээ үнэ цэнийг хэрэглэгчдэд хүргэх гол үйл ажиллагаануудыг энэ хэсэгт тодорхойлно. Үүнд:
– Үйлдвэрлэл /бүтээгдэхүүн хөгжүүлэлт, үйлдвэрлэл, тээвэрлэлт, хүргэлт/
– Асуудал шийдвэрлэлт
– Сүлжээ, үйлчилгээний баталгаажуулалт, идэвхижүүлэлт гэх мэт
9. ӨРТӨГ ЗАРДЛЫН БҮТЭЦ – Энэ хэсэгт бизнесийн загварыг ажилуулахад шаардлагатай бүх өртөг зардлуудыг тодорхойлох шаардлагатай. Үүнд: Бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хэрэглэгчийг халамжлах үйл ажиллагаа, сувгуудаар байршуулах гэх мэт сар тутмын үйл ажиллагааны зардал, ашиглалтын төлбөр, бүртгэлийн төлбөр, зээл, түрээс, лизинг, зар сурталчилгааны зардал багтана.
Жишээ болгон UBER-н бизнес загварчлалын зураглалыг хавсаргаж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!