Бизнес загвар

ФРАНЧАЙЗИНГ – ШИНЭ БОЛОМЖ | Tech-News.mn

Франчайзинг бол аливаа компани зах зээлд хувь эзлэхийн тулд хэрэглэж байгаа бизнесийн стратеги юм. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчийг олж, тогтвортой хэрэглэгчтэй болох бизнесийн арга ухаан юм. Одоогийн болон ирээдүйн хэрэглэгчид тухайн компаний бүтээгдэхүүн, үйлчилгээг сэтгэлдээ хүлээж авах дүр төрх бүрдүүлэх маркетингийн систем гэсэн үг. Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох арга ч гэж хэлж болно.

Франчайзингийн үндсэн загвар бол дэлхийн аль нэг зах зээл дээр туршаад, амжилт нь нотлогдсон стандартыг өөр нэг оронд тэр чигээр нь буулгах явдал.

Франчайзинг бол хэд хэдэн хүн хуваалцаж болох хоорондоо уялдаа холбоо бүхий бизнесийн харилцааны сүлжээ юм.

-Брэнд тодорхойлох
-Бизнесийн амжилттай арга
-Баталгаатай маркетинг болон түгээлтийн систем

Товчоор хэлбэл, франчайзингийг өрсөлдөгчөөсөө илүү хэрэглэгчтэй байж зах зээлийг ноёрхох нийтлэг зорилготой бүлэг хүмүүсийн стратегийн холбоо гэж ойлгоход болно. Франчайз авах гэдэг нь үнэн хэрэгтээ өөрийнхөө хөрөнгийг брэнд нэр, үйл ажиллагааг ашиглах системд хөрөнгө оруулалт хийж, энэхүү системд орсон нэгэн тэрхүү брэнд нэр эсвэл үйл ажиллагааг ашиглах лицензтэй болно гэсэн утгатай. Бизнесийн харилцаа нь хэрэглэгчдээ тогтвортой байлгахын тулд франчайз олгогчийн тодорхойлсон маркетинг, үйл ажиллагааны системийг ашиглах бүх франчайз авагчдын хамтын хөдөлмөр зүтгэлд түшиглэнэ. Франчайзингт амжилттай байхын тулд франчайз олгогч болон бусад франчайз авагчийн хоорондын харилцааны бизнесийн ба хуулийн олон салаа утгыг сайтар ойлгох хэрэгтэй. Та бусад франчайз авагчидтай болон компанийн менежерүүдтэй брэндийг маркетлах, хэрэглэгчдийг тогтвортой хадгалахын тулд үйл ажиллагааны системийг бүрэн ашиглах тал дээр төвлөрөх хэрэгтэй.

Франчайз авагчийн хувьд та өөрийн компаний хөрөнгийг эзэмшиж байвч бусад этгээдийн брэнд, үйл ажиллагааны системд хөрөнгө оруулахаар сонголтоо хийж, лиценз авсан хүн. Иймээс өөрийн бие даасан бизнес эрхэлж өрсөлдөхийн оронд бусдын арга, системийг ашиглан амжилтанд хүрч чадна гэсэн итгэл байх ёстой.

Монгол Улсын зах зээлд  сүүлийн жилүүдэд гадаад барааны тэмдэг, худалдааны нэрийг ашиглаж бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийн тоо өссөөр байна.

Франчайзингийн хүч

Өнөөдрийн байдлаар АНУ-д франчайзинг нь бизнесээ өргөжүүлэх хамгийн түгээмэл систем болоод байна. 1970-аад оны дундаас эрчимтэй хөгжиж эхэлжээ. АНУ-д 2,300 гаруй франчайзингийн систем байна. Энэ нь нийт бизнесийн 3.2% -ийг эзэлж байгаа бөгөөд АНУ-ын эдийн засгийн жижиглэн болон үйлчилгээний орлогын 35%-ийг бүрдүүлдэг гэсэн тооцоо гарчээ. Франчайзингийн давуу тал бол бизнесээ хурдан нээж, амархан туршлагажиж, хэрэглэгчээ хурдан татаж, эрсдэл бага амсдаг, илүү ашигтай байдагт оршино. Франчайзингт, үйл ажиллагааны системийг таны лицензлэж буй брэнд эсвэл барааны нэрээр тодорхойлдог. Франчайзийн систем бүр хэрэглэгчдэд үйлчлэх, сэтгэл ханамжийн баталгаа өгөх тодорхой арга хэрэглэдэг. Эдгээр арга дадлаа баримтжуулж, туршлагаа худалдаж эхэлдэг. Франчайзинг амжилттай байгаагийн нууц нь америкчууд аливаад дассан, брэндийн үнэ цэнийг мэддэгт байдаг байна.

Франчайзингт хөрөнгө оруулалт хийх
Франчайзинг сонгохоос өмнө…
Алхам 1: Өөрийгөө үнэлэх.

Таны ажил бол франчайз олгогчийн бизнесийн санал таны шаардлагад нийцэх эсэх, франчайз олгогчийн хүссэн шаардлагыг та хангаж чадах эсэхээс хамаарч бизнесийн шийдвэр гаргах хэрэгтэй. Дараахь үндсэн асуултыг өөртөө тавих:
-Та яг одоо амьдралаас юу хүсч байна?
-Таны хүсэл, эрэл хэрэгцээ, эрмэлзэл юу вэ?
-Таны зорилго, зорилт, мөрөөдөл юу вэ?
-Бизнесээс юу ямар үр дүн хүлээж байна? Одоо хийж буй зүйлээ орхиж чадах уу? Дан ганц ажил ч биш бас мэргэжлээ?
Өөр байгууллагын хэсэг болох шийдвэр өмнө нь гаргаж байсан уу? Франчайзингт та өөр хэн нэгний бизнест нэгдэн орсноо санах хэрэгтэй. Та бусдын төлөвлөгөөний дагуу бизнесээ явуулахыг хүлээн зөвшөөрөх зан чанар танд бий юу? Гэрээний хугацаанд энэ төрлийн ажил хийх сонирхол танд бий юу?
-Та нэг компанид тав эсвэл арван жил ажиллаж байсан уу?
-Франчайзинг явуулахад шаардлагатай ур чадвар, мэдлэг танд бий юү?
-Бизнес эхэлж, амжилттай явуулах санхүүгийн эх үүсвэр танд бий юу?
-Энэ бизнес таны амьдралын хэрэгцээг хангаж чадах уу?
-Ямар франчайзинг таны санхүүгийн урт болон богино хугацааны шаардлагад нийцэж байна?

Алхам 2: Франчайзингийн боломжийг үнэлэх.
Бизнесийн талаас хуулийн бичиг баримтыг үнэлэх. Зах зээлд зөвхөн орших бус зах зээлийг ноёрхох стратеги байгаа мөн өрсөлдөөн бий болгох, зах зээлийн хувийг ихэсгэх сонирхол франчайз олгогчид байгаа эсэхийг олж мэдэх. Хэрэв энэ асуудлаар ярихгүй байгаа бол франчайз олгогч франчайзингийг зах зээлд өрсөлдөөнт байр суурь бий болгоё гэхээс илүүтэй зөвхөн орлого олох, ашиглуулсны төлбөр авах гэж л ашиглаж байна гэсэн үг болно. Маркетинг, зар сурталчилгаанд зарцуулах мөнгийг үнэлэх. Ихэнх франчайз авагчид маркетингт бага мөнгө зарцуулахыг зөв гэж андуурдаг. Үнэн хэрэгтээ, маркетингийн зардал шинэ эсвэл байнгын давтамжтай бизнестэй болохын тулд франчайз авагч үүнд зарцуулах мөнгөтэй байх ёстой. Доорхи асуултанд хариулж чадна гэдэгтээ итгэлтэй бай. Би энэ бизнест яаж мөнгө хийж болох вэ? Одоо амжилттай ажиллаж буй франчайз авагчидтай уулзаж ярилц. Тэд оруулсан хөрөнгө оруулалтаа ямар хугацаанд эргүүлж олсныг асуу. Хэр зэрэг мөнгө хийж байгааг, үйл ажиллагаа нь хэр явагдаж байгааг, маркетингийн сайн хөтөлбөр байгаа эсэхийг, бизнест тулгамдаж буй асуудлыг асуу. Эдгээр асуултанд хариулт олж авах нь таныг шийдвэр гаргахад туслах болно.

Алхам 3: Франчайз олгогчийн бизнес төлөвлөгөөг үнэлэх. Франчайз олгогч тантай гэрээ байгуулан ажиллах хугацаанд хэрэгжүүлэх бизнесийн төлөвлөгөөтэй байх ёстой. Аль зах зээл дээр үйл ажиллагаа явуулах гэж буй төлөвлөгөөг асуу. Өрсөлдөөний судалгааг асуу. Маркетингт хэдий хэр мөнгө зарцуулахыг асуу. Үйл ажиллагааны гарын авлага эсвэл тоймыг харах. Та амжилттай ажиллахыг хүсвэл иймэрхүү гарын авлага хэрэгтэй. Анхны болон дараачийн сургалтын хөтөлбөрүүдийн талаар бүрэн тайлбар авах. Хүмүүсийг хэрхэн сургадгийг асуу. Франчайз олгогч ямар туслалцаа үзүүлэхийг асуу.
Франчайнзинг буюу барааны тэмдгийн лицензийн гэрээ
Хэрвээ танай ЖДҮ:
-Бусдын эзэмшдэг бараа, үйлчилгээг болон тэдгээрийн брэндийг зах зээлд ашиглах сонирхолтой байгаа бол Өөрийн эзэмшдэг барааны тэмдгээ ашиглан бараа, үйлчилгээгээ шинэ зах зээлд гаргаж бизнесээ өргөжүүлэх гэж буй бол Барааны тэмдгийн лицензийн гэрээ буюу
франчайзингийн гэрээг хэрэглэдэг. Бараа, үйлчилгээний тэмдгийн үндсэн үүрэг бол нэг үйлдвэрийн бараа, үйлчилгээг нөгөөхөөс ялгаж, тэгснээрээ чанар болон нэр хүндийг таних эх сурвалж болдог. Барааны тэмдэг эзэмшигч нь өөр үйлдвэрт барааны тэмдгээ ашиглуулахаар лицензлэсэн тохиолдолд энэхүү үндсэн үүрэг заримдаа алдагддаг. Тиймээс барааны тэмдгийн эзэмшигч нь холбогдох хууль, гэрээний дагуу хэрэглэгчдийг хуурахгүйн тулд барааны тэмдгийн чанарын стандартыг хадгалах талаар лиценз авагчтай нягт холбоотой ажиллах ёстой. Франчайзингийн гэрээ гэдэг нь франчайз олгогч франчайзингийн лицензийг франчайз авагчд тодорхой төлбөртэйгээр ашиглуулахыг зөвшөөрч байгаа гэрээг хэлнэ. Франчайзингийн систем нь ерөнхийдөө оюуны өмчийн эрхийг агуулж байдаг. Жишээ нь: бизнестэй холбоотой барааны тэмдэг, худалдааны нэр, лого, шинэ бүтээл болох патент, бүтээгдэхүүний загвар, худалдааны нууц, бизнесийн ноу-хау мөн ямар нэг холбоотой эмгэтгэл, зар сурталчилгаа, түүнчлэн хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээ, бүтээгдэхүүний борлуулалт, үйлдвэрлэлтэй холбоотой зохиогчийн эрх авсан бүтээл зэргийг ашиглах эрхүүд багтдаг. Оюуны өмч гэдэг бол бизнесийн хувьд онцгой бөгөөд өрсөлдөөнд давуу байдал олж зах зээлээ хадгалж чаддаг.


Франчайз эзэмшсэний давуу талууд
Франчайз эзэмшсэний гол давуу тал нь бие дааж ажилладаг учраас эрх чөлөөтэй. Эзэмшигч баталгаатай системд хөрөнгө оруулж, бусад франчайз авагч болон олгогчийг сургаж, сайшааж, дэмжиж байгааг олж харснаар энэ эрх чөлөө зохицуулагдаж байдаг. Франчайз эзэмшснээр мөн тодорхой нэг газарт бизнес хийхийн тулд хагас монопол орчинг үүсгэдэг. Мэдээж энд өрсөлдөгчид байх боловч франчайз авагчд өгөгдсөн газарт цорын ганц франчайз олгодог. Мөн үйлчлүүлэгчдийн жагсаалт эсвэл ажлын хуудсыг өгдөг байна. Франчайз эзэмшсэний хамгийн чухал нь эзэмшигч танигдсан брэнд, бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холдогдох явдал юм. Франчайз нь амжилттай гэдэг нь батлагдсан ноу-хау болон системүүдийг франчайз авагчдад санал болгодог учраас бүтээгдэхүүн үйлчилгээний чанар ямарч байсан олон талаараа баталгаатай байдаг.
Франчайзийн зарим давуу талууд:
-Чөлөөтэй ажил эрхлэлт
-Баталгаатай бүтээгдэхүүн үйлчилгээ
-Хагас монопол тогтоосон газар нутаг эсвэл газар зүйн хил
-Олонд танигдсан баталгаатай брэнд, барааны тэмдэг
-Маркетинг, зар сурталчилгаа, бизнес эхлэх компанит ажлын зардлыг хуваадаг
-Үйлдвэрийн ноу-хау
-Дампуурах эрсдлийг багасгадаг
-Бүтээгдэхүүн үйлчилгээг өмчлөх
-Барааг бөөнөөр худалдан авах боломж
-Судалгаа хөгжлийг үргэлжлүүлэх
Эдгээр давуу талаас гадна сул тал гэж байдаг. Франчайзын эрх шилжүүлэн авагч гэрээ байгуулахдаа урьдчилан тодорхой төлбөр төлдөг. Ашгийн тодорхой хувиас систем ашигласний төлбөрийг франчайз эзэмшигчдээ төлдөг. Энэ хувь ихэвчлэн 2-10 хувь байдаг.

Эх Сурвалж: olloo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!