Дэлхийг өөрчилсөн эрхмүүд

Alibaba цахим худалдааны группийн үүсгэн байгуулагч Жек Ма | Tech-News.mn

Ази тивийн хамгийн том цахим худалдааны сайтын эзэн Жек Ма 1964 онд Хятадын Жөжян мужийн Ханжоу хотод төржээ. Түүний жинхэнэ нэрийг Ма Юн гэдэг бөгөөд англи хэлний багш болж, жуулчдад хөтөч хийдэг болсон цагаасаа өөртөө Жек гэдэг нэр өгчээ.

Тэрээр энгийн гэр бүлд өссөн бөгөөд хичээлдээ тийм ч сайн байсангүй. Дунд сургуулийн багш нар нь түүнийг муу сурдаг учир хулигаан л болно хэмээн ад үздэг байв. Гэсэн ч хүүд том мөрөөдөл байсан юм. Сургуулиа төгсөн дунд дүнтэй төгсөлтийн хуудсаа өвөртлөөд Бээжингийн Их сургуульд элсэхээр шалгалт өгсөн ч 100 оноо авахаас ердөө ганц оноо авч байсан бөгөөд бууж өгөлгүй жил хүлээн дахин өгсөн ч мөн л тэнцээгүй байна. Ийнхүү эцэг эхийнхээ шахалтаар төрөлх хотдоо буцан мужийнхаа их сургуулийг Англи хэлний багшаар суралцан төгсчээ.

1988 онд Их сургуулиа төгссөн хойно нэгэн институтэд ажилд орсон ч амьдралаа бүрэн залгуулж чадахгүйн улмаас давхар орчуулгын ажил хийдэг болов. Улмаар рестораны менежер, гар дээрээс наймаа эрхлэгч, орчуулагч, интернет кафе ажиллуулагч зэрэг олон төрлийн ажил хийсний эцэст 1995 онд Хятадын анхны интернетэд суурилсан компани “Шар хуудас” нэрт цахим лавлах үүсгэн байгуулсан байна.

Энэ үеэс Жекд жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан худалдааны интернетийн төвлөрсөн сайт нээх санаа төрж эхэлсэн байна. Хятад улсын аж үйлдвэр өдрөөс өдөрт хөгжиж, хятадын бараа дэлхийг бүрхэж байхад үйлдвэрлэгч, худалдан авагч хоёрыг холбох гүүр бий болгохоор зорьжээ. Гэсэн ч түүнд мөнгө болон цахим ертөнцийн тухай тодорхой ойлголт байгаагүй учир эхлээд өөрийгөө боловсруулах хэрэгтэй гэж бодон Хятадын гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны дэргэдэх цахим худалдааны төвд мэдээллийн албаны ерөнхий менежерээр нэг жилийн турш ажилласан юм. Тэр үед буюу  1998 онд Yahoo-гийн үндэслэгчийн нэг Жерри Янгтай танилцсан нь Ма-гийн амьдралын чухал үе болсон юм. Одоо Yahoo нь Алибаба-гийн томхон хувьцаа эзэмшигчийн нэг болсон билээ.

Ийнхүү нэг жилийн дараа буюу 1999 онд Ма хамтран зүтгэгчдийн хамтаар өөрсдийн бүхий л хөрөнгийг шавхан Alibaba.com  худалдааны сайтаа нээсэн юм. Компани байгуулах болсон тухайгаа хэлж, хуучин  ажлынхаа залууст хамт ажиллахыг санал болгожээ. Ингэхдээ бүгд сарын 500 юанийн цалин авна. Амралтын өдөр гэж байхгүй. Та бүхэн өөрсдийн шийдвэрээ гурван хоногийн дотор гаргаарай гэжээ. Түүний ярьж дуусахад бүгд “хамт явцгаая” гэсэн гэдэг.

Бизнесийн эхэн үе маш хүнд байсан бөгөөд бүгд нэг өрөө байранд ямар ч амралт  байхгүйгээр тасралтгүй ажиллаж, бүгд ижил хэмжээний буюу 500 юанийн цалин авч байсан учир зөрчил их гарсан гэдэг. Тэрээр БНХАУ, ер нь Азийн орнуудын  найман цагаар ажиллах зарчмыг бүрэн эвдсэн бөгөөд ажилчид нь суудлаасаа босолгүй 18-20 цаг ажилладаг байв. Энэ нь Илон Маск, Марк, Жефф Безос зэрэг  Цахиурын хөндийн акулуудын ажлын хэмнэл юм.

Шаргуу хөдөлмөрийн эцэст тэрээр гурван жилийн дотор компанидаа 60 сая ам.долларын санхүүжилт авч чадсан бөгөөд 2003 онд Хонг Конгийн зах зээлд IPO гаргаж чадсан байна.

2010 оноос  Европын болон АНУ-ын хувцасны брэнд компаниуд Хятадын зах зээлд бараагаа худалдах, мөн хятадын хувцас үйлдвэрлэгчдийн барааг гадаад зах зээлд борлуулах зорилго бүхий aliexpress.com-ийг ажиллуулж эхлэв. Өнөөдрийн байдлаар Алибаба групп нь Хятадын онлайн худалдааны 80 хувийг гүйцэтгэж байгаа бөгөөд 500 сая хүн тэдний сайтуудаар үйлчлүүлж байна. Alibaba  групп одоо цахимд суурилсан дэлхийн зургаа дахь том бизнес болсон ба үүсгэн байгуулагч Жек Маг-ын хувийн хөрөнгө 41.8 тэрбум ам.долларт хүрч дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 20 дугаарт, БНХАУ-ын хамгийн чинээлэг эрчүүдийн жагсаалтын гуравдугаарт бичигдсэн юм.

2012 Жек Магийн амжилтад хэрхэн хүрсэн тухай “Хөх мөрний матар” гэдэг баримтат кино дэлгэцнээ гарсан юм.

Жек өөрийн амжилтын нууцаасаа залууст харамгүй хуваалцдаг бөгөөд өөрийг нь одоо байгаа газар авчрахад хамгийн их тусалсан хэд хэдэн зүйлийг дурджээ.

Боломжийг олж хар, бүү дутуу үнэл

-Жекийн хувьд “Боломж” гэдэг зүйл зөвхөн ажилд ч биш амьдралд хамгийн чухал нөлөөтэй аж. Тэрээр мөрөөдлөө биелүүлж, зорьсондоо хүрч чадахгүй байхын хамгийн гол шалтгаан бол “Боломжийг олж хараагүй харалган байдлаас болдог” гэсэн байна.

Тууштай бай, хэзээ ч бүү бууж өг

-Амжилтад хүрэхийн тулд хүн бүрийн давах ёстой даваа бол бүтэлгүйтэл, үгүйсгэгчид. Тэр “Чи хэрвээ тэднийг давж, зорилгодоо үнэнч байж, бууж өгөхгүй байвал хариу нь заавал ирэх болно” хэмээн хэлж байсан.  Түүнд ч бас шантрах, бууж өгмөөр энгийн ажлаа хийгээд амьдармаар үе байсан бөгөөд тэр болгондоо өөрийн дуртай кино “Forest Gump”-аа үздэг. Энэ киноноос тэрээр хэзээ ч шантарч болохгүй гэдэг хүчтэй мэссэжийг дахин дахин авах дуртай гэнэ.

Миний амьдралд маш олон таагүй зүйлс, бүтэлгүйтэл тохиолдож байсан. Хятадад анх KFC  сүлжээ орж ирэхэд ажилд орохоор 24 хүн шалгуулж, 23-ыг нь ажилд авсан. Ажилд тэнцээгүй цор ганц хүн нь би байсан юм. Тэгэхээр зарим үед бүтэлгүйтэл чамайг улам хүчтэй болгоно.

Хөрөнгө оруулагчдад хэтэрхий их итгээд хэрэггүй

Шинээр бизнес эрхэлж буй хүн бүрд хөрөнгө оруулагч хамгийн чухал. Гэхдээ өөрийн чинь санааг, бизнесийн чинь үнэ цэнийг ойлгодоггүй хүнд найдвар тээн тайлбар хэлэх хэрэггүй. Зарим хүмүүст зургаан цаг тасралтгүй яриад ч ойлгодоггүй бол зарим хүмүүс зургаан минутын дотор л бүгдийг л ойлгодог. Тэгээд ч бидний бизнесийн гол нь хэрэглэгчид, тэд байгаа учир бид оршин тогтнож байгаа. Мөн ихэнх хөрөнгө оруулагчид таны санааг зөвхөн тоон өгөгдөл дээр үндэслэж үнэлэх болно. Тэхээр хүн бүрд зориулж би нэг зүйлийг хэлмээр байна. Үргэлж хөрөнгө оруулагчийн зөв байна гэж байхгүй. Тэднийг хүндэтгэлтэйгээр сонс. Гэхдээ эцсийн шийдвэр үргэлж чинийх байх ёстой.

Түүний хэлсэн эшлэлүүд

Хийж буй зүйлдээ итгэ. Хүмүүст таалагдаж байгаа эсэхийг үл тоон хийж буй ажилдаа л дурла.

Хэрвээ чи ийм байна тийм байна гэж тайлбар тавьсаар байвал хэзээ ч боломжийг олж харахгүй.

Хэзээ ч бүү бууж өг. Өнөөдөр хэцүү байж магадгүй. Маргааш бүр дордож ч мэднэ. Гэхдээ түүнээс цааших өдрүүд хамгийн гайхалтай байх болно.

Би үргэлж үйлчлүүлэгчдээ нэгдүгээрт тавьдаг учир нь тэд бидний оршин буйн шалтгаан.Хоёрдугаарт миний ажилчид, хамтран зүтгэгчид учир нь тэд бизнесийг минь хөгжүүлдэг. Харин  хөрөнгө оруулагчид гуравдугаарт гэсэн дарааллаар ажилладаг.

Хэрвээ чи 35 хүртлээ ядуу хэвээрээ байгаа бол хүртэх ёстойгоо хүртэж

Гучин нас хүрэхээсээ өмнө мөрөөдөж,  хүсэл шуналтай болох хэрэгтэй.

Жек Ма 2017 онд Монгол улсад аялахаар ирсэн ба энд байх хугацаандаа технологийн чиглэлээр суралцдаг оюутнуудад илтгэл тавьсан юм.

Эх Сурвалж: iToim.mn, Bloomberg, Forbes, Bio, Wikipedia

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!