Төхөөрөмж

GPS буюу Байршил тогтоох систем гэж юу вэ? | Tech-News.mn

GPS- GLOBAL POSITIONING SYSTEM БУЮУ БАЙРШИЛ ТОГТООХ СИСТЕМИЙГ НИСЭХ БОЛОН УСАН ОНГОЦ, ГАНЦААРЧИЛСАН АЯЛАЛ ЗЭРЭГТ ӨРГӨН АШИГЛАДАГ.  

Дэлхий нийтэд интернэт, гар утасны адил өргөн хэрэглэгдэж буй нэгэн мэдээллийн технологи нь GPS  төхөөрөмж юм. Энэ нь дэлхийгээс 7440 км зайд байрлах орбит замаар явах 24 хиймэл дагуулуудаас бүрдэнэ. Эдгээр хиймэл дагуул дэлхийг өдөрт хоёр удаа тойрон эргэж, дэлхийн аль ч цэгт буй GPS хүлээн авагчтай хэрэглэгчийн байрлалыг цаг хугацаатай нь тодорхойлж өгдөг сансарын хиймэл дагуулын систем юм.

GPS үйлчилгээ нь анх цэргийн зориулалтаар АНУ-ын Батлан Хамгаалах яамнаас зохион бүтээсэн ч иргэний болон арилжааны чиглэлээр өргөн ашиглаж байна.

Системийн дагуулуудаас ирүүлэх дохиолол тасралтгүй ажиллагаатай бөгөөд хэрэглэгч хүлээн авагчийн тоонд хязгаар байхгүйгээс гадна үйлчилгээ үзүүлсний төлбөр гэж байдаггүй.

GPS  технологийн үндэс нь маш өндөр нарийвчлалтай цаг хугацаа болон байршлын талаарх мэдээлэл юм. Хиймэл дагуулууд газрын станцаас ирэх дохиоллыг хэмжин өөрийн байрлалыг нарийвчлан тооцоолж, энэ мэдээллээ тасралтгүй цацдаг.

GPS хүлээн авагч байршил тодорхойлоход гурваас багагүй хиймэл дагуул ашиглана. Нэг дор хүлээн авсан мэдээлэлд дүн шинжилгээ хийж, өөрийн байгаа байршлыг уртраг, өргөрөг гэсэн хоёр хэмжээсээр тодорхойлдог байна.  Харин дөрөв ба түүнээс  олон хиймэл дагуулаас хүлээн авсан дохиоллын тусламжтайгаар байршлыг уртраг, өргөрөг болон далайн түвшинтэй харьцуулсан өндөрлөг гэсэн гурван хэмжээсээр тодорхойлно.

Сансрын хиймэл дагуул нь L1,L2 гэсэн хоёр төрлийн радио сигналыг ашигладаг.

L1 радио сигналыг цэрэг дайны зориулалтай GPS-д ашиглах ба UHF зурвасын өргөнд 1575.2 мГц давтамжинд өгөгдөл дамжуулдаг байна.

 

GPS төхөөрөмжийг дэлхийн хаанаас ч, ямар ч цаг агаарын нөхцөлд ашиглах боловч агуй, хонгил болон усан дороос дохио дамжуулах боломжгүй байдаг аж.

GPS систем нь сансар, удирдлага, хэрэглэгчийн гэсэн гурван хэсгээс бүрдэнэ.

  1. Сансрын хэсэг
  2. Удирдлагын хэсэг
  3. Хэрэглэгчийн хэсэг

Сансрын хэсэг нь GPS системийн хиймэл дагуулуудаас тогтох ба дэлхийн тойрог замыг 12 цагт тойрно. Эдгээр хиймэл дагуулууд нь сансараас радио долгионуудыг  илгээдэг. GPS-ийн сүлжээнд 24-өөс багагүй хиймэл дагуул байдаг. Нийт хиймэл дагуулуудын 18 нь ажиллагаатай, үлдсэн зургаа нь нөөцөнд байдаг байна.

Сансарт GPS  системийн нийт зургаан  тойрог зам байх ба зам тус бүрд нь дөрвөн хиймэл дагуул байдаг. Тэдгээр нь 60 хэмийн тэнцүү байрлах ба экваторын  хавтгайтай 55 хэмийн хазайлттай байна. Хиймэл дагуул тус бүр нь 900 килограммын хүнд жинтэй, нэг километр замыг дөрвөн секундын хурдтайгаар туулна.

Удирдлагын хэсэг нь дэлхийн эргэн тойронд суурилагдсан тохируулгын станцуудаас тогтдог. Хяналтын станц нь хиймэл дагуулыг мөрдөх бөгөөд мэдээллийг дараа нь төв станц руу дамжуулдаг байна. Газрын станц хиймэл дагуул хоёрыг өөр хоорондоо тасралтгүй мэдээлэл дамжуулах нөхцөл бүрдүүлэхийн тулд хиймэл дагуулаас 24 цагийн турш тусгай зөөгч дохиог газрын станц руу дамжуулж өгнө. Ажиллагаанаас гарсан хиймэл дагуулыг дэлхий дээр байрлаж  байгаа хяналтын станцын тусламжтай удирдаж, далай тэнгист унахаар тооцоолж тойрог замаас буулгана.

Хэрэглэгчийн хэсэг нь GPS системийн хүлээн авагч ба хэрэглэгчүүдээс бүрдэнэ.

Хүлээн авагч нь хиймэл дагуулуудын дохионуудыг байрлал, хурд, хугацааны үнэлгээний хэмжигдэхүүн болгон хувиргадаг. GPS системийг  навигаци, байршил тогтоох, бусад судалгаа шинжилгээ хийхэд ашигладаг. X, Y, Z гурван хэмжигдэхүүнт байрлал тогтоох системийн хамгийн анхны хувилбар нь GPS юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!