Дэлхийг өөрчилсөн эрхмүүд

Жон Неш: Бүтэшгүй, ер бусын зүйл шиг санагдсан бүх зүйлд боломж бий | Tech-News.mn

Приснтоны их сургуулийн эрдэмтэн байсан түүнийг шинжлэн ухааны хүрээлэнгийнхэн гоц ухаантан, дараагийн Эйнштэйн хэмээн цоллодог байв. Түүний  хувийн амьдрал  онол шиг нь дардан байгаагүй бөгөөд сэтгэцийн өвчлөлийн хамгийн хүнд хэлбэр болох шизофрений өвчинтэйгөө насан туршдаа тэмцсэн юм. 

Жон Форбес Нэш 1928 оны зургадугаар сарын 13-нд Баруун Виржиния хотод цахилгааны инженер, англи хэлний багш нарын ууган хүү болж  төржээ. Бусад гоц ухаантнуудаас өөр нь сургуульдаа дунд сурдаг энгийн хүү байсан аж. Энэ тухайгаа  Нэш “Манай сургуульд математикийг маш уйтгартай заадаг байсан учир би ихэнх цагаа химийн туршилт хийж, эвсэл ном уншиж өнгөрөөдөг байсан” хэмээн тайлбарлаж байв. 14 настайдаа Эрика Т. Беллын “Агуу математикчид” ном түүнийг математикийн шинжлэх ухаанд татагдах эхний алхмыг тавьсан гэнэ. Нэгэнт сургуульд нь зааж буй хичээл уйтгартай санагдсан учир Нэш математикийг бие даан судалж, алхах сургуулийн сурагч байхдаа “Фермийн бага онол”-ын учрыг түвэггүй олдог  сургуулийнхаа баатар болжээ. Сурлагын чанарын гэнэтийн ахицынхаа ачаар 1945 оноос эхлэн Карнегийн Техникийн их сургуульд тэтгэлэгтэй суралцах боломж олдсон бөгөөд ердөө гуравхан жилийн дотор бакалавр, магистрын зэргийг хамгаалж чадсан юм. Энгийн хүний долоон жилийн хөдөлмөрийг гурван жилд нугалж чадсан Нэшийг Харвард, Чигако, Мичиган, Пристон зэрэг математикаараа тэргүүлэгч сургуулиуд аспирантураар элсүүлэн авах гэж уралдсаны эцэст Неш Принстоныг сонгожээ. Карнегийн их сургуулийн багш нь түүнийг итгэмжилсэн захидалдаа “Энэ хүн бол суут ухаантан” хэмээн ганцхан мөр бичиж байв.Принстоны их сургуулийг сонгосон шалтгаанаа Нэш “Илүү өндөр степентэй байсан” хэмээн тайлбарласан бөгөөд хичээлдээ бараг суудаггүй, ном уншдаггүй өдөржин ганцаараа суудаг байв. Үүнийгээ “Хичээлд суух хэн нэгний үзэл шингэсэн ном унших нь өөрийнх нь хувийн “Idea” буюу Санааг үгүй хийнэ” гэж  тайлбарлажээ. Неш докторын диссертациа “Хамтын бус тоглоом” сэдвээр  жил долоон сарын дотор  бичиж дуусгасан ба энэ нь хожим “Нешийн тэнцвэр” онол хэмээн нэрлэгдэж, Харилцааны тоглоомын онолын эх болсон ба, Нобелийн шагнал авчирсан юм.

“Нешийн тэнцвэр” онол

Тоглоомын онолыг товчоор тайлбарлавал нийгэм, эдийн засгийн  харилцааны үед гарах зөрчил болон хамтын ажиллагааг судалж, тайлбарлах бололцоог олгосон аналитик арга хэрэгсэл юм. Тэрээр өөрийн онолоо бааранд бүсгүйчүүдтэй танилцах оролдлого дээр жишээ аван тайлбарладаг байна

“Найзуудтайгаа суух хөөрхөн бүсгүйтэй залуу бүр танилцах гээд очвол бүгд бие биенийхээ урдуур ороод хэн нь ч амжилт олохгүй. Бүтэлгүйтсэн залуус дараа нь хөөрхөн бүсгүйн найзууд руу нь яриа өдлөө ч, ямар ч бүсгүй 2 дахь сонголт байхыг хүсэхгүй. Иймээс анхнаасаа хөөрхөн бүсгүй рүү зөвхөн нэг нь яваад, бусад нь түүний найзууд руу яриа өдсөн нь группийн хувьд хамгийн зөв тактик. Ингэснээр залуу бүр бүсгүйтэй танилцах боломж хамгийн өндөр болох ба энэ нь хөөрхөн бүсгүйн араас яваад огт хоосон үлдэхээс дээр сонголт болно. Өөрөөр хэлбэл болзох охинтой болохыг хүссэн залуус буюу тоглогчид энэхүү стратегийг сонгосноор Нешийн тэнцвэр үүсэх ба, энэ үед аль ч тоглогч өөр стратеги сонгох нь талуудад ашиггүй” байх аж.

Неш энэхүү онолын эхээ 1949 онд тавьсан ба 1959 он хүртэл АНУ-ын шинжлэх ухаан сонирхогчид даяар суут ухаан хэмээн хүндлэгдсэн  маш амжилттай профессор байсан юм. Түүний багшлах хугацаандаа баталсан геометр, математикийн шинэ бодомжуудыг дурдах нь илүүц биз.

Шизофрени өвчин, уналт ба сэргэлт

1959 онд буюу хоёрдахь эхнэр Алисия Лардетэй гэрлэн хүүгээ өлгийдөн авснаас хойш түүний өвчин сэдэрч эхэлсэн бөгөөд хачин авир гаргадаг болсон тухай ойр дотнынхон нь дурсжээ.  Тэрээр хүмүүст, харийнхан над руу New York Times-р нууц мессеж илгээгээд байна хэмээн ярих болж, хичээлээ заахгүй хэдэн арван хоногоор алга болдог болсон.  Түүнчлэн сургуулийн кампус дотор улаан зангиатай улсын нууц коммунист бүлэглэлийн хүмүүс ирчихээд  өөрийнх нь нэр төр, карьерыг сүйрүүлэх гээд байна хэмээн ярих болжээ. Удалгүй түүнийг багшлах боломжгүй гэж үзэн ажлаас нь чөлөөлжээ.

Эхнэр Алисия нь түүний өвчийг эдгээхээр тасралтгүй оролдсон ч байдал улам хүндэрсээр байсан учир аргагүйн эрхэнд түүнийг сэтгэц мэдрэлийн эмнэлэгт хүргэсэн байна. Эмнэлэгт түүнд маш эрсдэлтэй, эмийн болон цахилгаан эмчилгээ хийсэн бөгөөд эмнэлгээс гарах үед түүнийг аймшигтай харагдаж байсан хэмээн Алисая дурссан байдаг. 1962 онд Алисия гэр бүлээ цуцлахаар шийдсэн бөгөөд хүүгээ ганцаар өсгөхөөр болсон байв. Энэ хугацаанд Нешийн бие улам муудсаар байсан ба Принстоны их сургуульд багшилж байсан ч оюутнууд нь түүнийг  энд тэндгүй хачин томьёо сараачиж явдаг хий үзэгдэл хэмээн хочилдог байв.  1970 онд Алисия Неш нар дахин хамтран амьдарч эхэлсэн ба түүний бие эрс сайжирсаар 1980 онд түүний өвчин сэдрэхээ больсон байв. Үүнийгээ тэрээр шизофрени өвчин нь эдгээгүй, зүгээр л тоохоо больчихсон юм  “Бүтэшгүй, ер бусын зүйл шиг санагдсан бүх зүйлд боломж бий” хэмээн тайлбарласан аж.

Тэрээр насан туршдаа сэтгэцийн эмчийг үзэн ядсан бөгөөд “ Өвчнөө эдгээхийг хүсвэл өөрөөсөө өөр хэнд ч бүү найд. Сэтгэцийн эмч нар таныг зүгээр л мөнгө олох хэрэгсэл нь гэж боддог” хэмээн өгүүлж байв.

1994 онд тэрээр Нобелийн эдийн засгийн ухааны шагналыг Рейнхард Сэлтен , Харсаньй Жон нартай хуваан хүртсэн юм.

2015 онд Нэш 86 насандаа эхнэр Алисиянхаа хамт автомашины осолд орж хорвоог орхисон юм.

Кино найруулагч Рон Хорвард 2001 онд  түүний амьдралаас сэдэвлэсэн “Beautiful Mind” уран сайхны киног бүтээж байв. Тус кино Окскарын наадмаас шилдэг найруулагч  тэргүүтэй дөрвөн шагнал хүртэж байв.

Эх сурвалж: Biography.com, nobelprize.org

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!