Дэлхийг өөрчилсөн эрхмүүд

Google-ын үүсгэн байгуулагч Ларри Пэйжийн амжилтын түүх | Tech-News.mn

Хэр олон хүн 20-иод насандаа дэлхийг өөрчилж чадах бол? Тийм ч олон биш л болов уу. Тэгвэл 20-иод насандаа дэлхий ертөнцийг үүрд өөрчилсөн Ларри Пэйжийг онцолж байна. “Google”-ын үүсгэн байгуулагч Ларри Пэйж интернэт гэх зүйлийг тэс өөрөөр ашиглах боломжийг хүн төрөлхтөнд  олгосон юм. Түүнээс өмнө хүн төрөлхтөн хэзээ ч мэдээллийг ийм хурдтай хүлээн авч, бусдад түгээх боломжгүй байсан билээ.

Ларри Пэйж 1973 оны гуравдугаар сарын 26-нд АНУ-ын Мичиган мужийн Зүүн Лансинг хотод төрсөн байна. Түүний эцэг эх нь хоёул компьютерын технологитой холбоотой ажил эрхэлдэг байжээ. Түүний аав Карл Виктор Пэйж нь Мичиганы их сургуулийн компьютерын шинжлэх ухааны профессор аж. Олон хүн түүний аавыг компьютерын шинжлэх ухааны партизан гэж тооцдог бөгөөд хиймэл оюун ухааны салбарт асар том ахиц гаргасан хүн юм. Харин ээж нь Еврей гаралтай Глори Пэйж гэх эмэгтэй бөгөөд Мичиганы их сургууль болон Лэиман Бриггс Коллежид компьютер програмчлалын хичээл ордог байжээ.

Ларри Пэйжийн хүүхэд нас гэрт нь байх олон компьютеруудын эд анги, технологийн сэтгүүлүүдийн дунд өнгөрсөн юм. Тиймээс хүүхэд байхаасаа компьютертой нөхөрлөх болсон байна. Тэрээр дунд сургуульд байхаасаа эхлэн өндөр хурдны тооцоолох системийг сонирхож эхэлсэн аж.

Тэрээр Зүүн Лансингийн ахлах сургуулийг 1991 онд төгсөж Мичиганы их сургуульд компьютерын шинжлэх ухаан, инженерчлэлийн чиглэлээр суралцсан байна. Дараа нь Стамфордын их сургуульд мэргэжлээрээ докторын зэрэг хамгаалсан юм.

Өмнөх бүх технологийн салбарын тэрбумтнуудын адил тэрээр оюутан байхдаа өөрийн тэрбум долларын санааг олсон байна. Бүүр тодорхой хэлбэл 48,5 тэрбум ам.долларын санаа байсан юм. Анх “Google”-ын платформ нь түүний төгсөлтийн ажил байсан аж.

Дараа нь өөрийн дотнын найз Сергей Брины хамт “Google”-ыг эхлүүлэх ажилдаа орсон байна. Тэд анх ирээдүйн хамгийн агуу хайлтын системийг “BackRub” гэж нэрлэж байжээ. Энэ нь одоогийн “Google”-ээс өөрцгүй маш хүчирхэг систем байсан бөгөөд одоо хэрнэ “Google”-ын ихэнх алгоритмууд “BackRub” дээр суурилсан байдаг аж. Үндсэндээ “BackRub” нь вебсайтууд холбоосоор дамжин нэг нэгэндээ хэрхэн холбогдож байгаад дүн шинжилгээ хийх зориулалттай компьютерын томьёолол аж. Харин “Google” нь илүү нарийвчлалтай дүн шинжилгээ хийдэг томьёолол юм.

Тэд чухам яг юу хийж байгаагаа ухаарч энэ зүйлээ амжилтад хүрэх боломжтой болохыг ойлгомогцоо Ларри Пэйжийн дотуур байран дахь өрөөг өөрсдийн лаборатори болгон ашиглахаар шийдсэн байна. Тэд өрөөний голд Лего эвлүүлдэг тоглоомоор хана босгож тус тусдаа илүү шаргуу ажиллаж эхэлсэн аж.

 

 

 

 

 

 

 

 

 

Google-ийн анхны оффис

“Google”–ын хамгийн анхны хувилбарыг 1996 онд Стамфордын их сургуулийн сүлжээнд суурилуулан бий болгожээ. Анхны домэйн нэр нь google.stanford.edu байсан аж. Ингээд 1997 оны есдүгээр сард өөрийн домэйн нэр болох өнөөгийн google.com-ийг худалдан авсан байна. Үүнээс нэг жилийн дараа өөрсдийн компаниа байгуулж анхны оффисоо Мэнло дахь нэгэн найзынхаа гаражд нээсэн аж.  “Google” гэдэг нэрний санааг “Googol” гэх үгийн үсгийг өөрчлөн бий болгосон аж. “Googol” гэдэг нь арвын зуун зэрэгтэй тэнцүү тоог илэрхийлдэг утгатай үг юм.

Ямарч хөрөнгөгүй тэдний компанийн өрсөлдөх чадвар, цаашид оршин тогтнох эсэх нь зөвхөн Ларри Пэйж болон Сергей Брин нарын оюун ухаанаас л хамаарч байсан юм. Харахад энгийн, хэрэглэхэд хялбар вебсайтыг Ларри Пэйж өөрийн “HTML”-ын анхан шатны мэдлэгийг ашиглан бүтээсэн байна. Учир нь тэдэнд веб хөгжүүлэгч цалинжуулах мөнгө байгаагүй юм. Ларри Пэйж “Google”-ын серверүүдийг илүү үр бүтээмжтэй ажиллуулахад түлхүү анхааран ажилладаг байжээ. Энэ нь “Google”-ыг маш хурдан болгосон юм. Ингэснээр хэрэглэгчид хайлтыг хурдтай хэрнээ үр дүнтэй хийх боломжтой болсон аж. Хоёр мянган он гэхэд “Google” нэг тэрбум орчим холбоосыг өөртөө багтаасан байна. Энэ амжилт нь тэднийг бүх цаг үеийн хамгийн хурдан хайлтын систем болгоод зогсохгүй бүх цаг үеийн хамгийн цогц, дэлгэрэнгүй хайлтын систем болгосон юм.

Компаниа байгуулснаас хойш хэдхэн жилийн дотор анхны хөрөнгө оруулагчдаасаа ихээхэн хэмжээний хөрөнгө босгосноор оффисоо уулан дээрх цогцолбор болгон өргөжүүлж нүүсэн байна. Энэ үеэс Ларри Пэйж “Google”-ын гүйцэтгэх захирлын албыг хаших болсон юм. Харин Сергей Брин компанийн ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх болсон байна. Компани маш хурдацтай буюу түүхэнд байгаагүй хамгийн хурднаар өргөжиж байсны зэрэгцээ хайлтын системийн аюулгүй байдлыг алдагдуулахгүй байх хариуцлагатай ажил давхар тулгарсан юм. Тиймээс тэд 2004 онд хөрөнгийн бирж дээр өөрсдийн анхны IPO-г гаргасан байна.

Хамтрагч Сергей Бриний хамт

Компани олон нийтэд нээлттэй болсны дараа Ларри Пэйж, Сергей Брин болон төлөөлөн удирдах зөвлөлийн  тэргүүн Эрик Шмит нар ахин 20 жил үргэлжлүүлэн хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан аж. Хамгийн сонирхолтой нь тэд 2024 оны наймдугаар сарын 19-ны өглөө яг 09.30 цагт тус тусдаа хувийн арлууд дээрээ алчуур шидэн тэтгэвэртэй гарахаар тохиролцсон байна. Технологийн компаниудын удирдлагууд хувь эзэмших асуудлаас болж хоорондоо санал зөрөлдөн шүүхэд хандан, тэр нь компанийн нэр хүндийг унагаж байсан түүх олон байдаг билээ. Тиймээс тэдний энэ үйлдэл нь компанийн ирээдүйд хийсэн хамгийн эерэг шийдвэр гэж Ларри Пэйж тодорхойлдог байна.

Тэрээр “Хэрвээ бид мөнгөний төлөө энэ ажлыг хийдэг байсан бол аль эрт компаниа зараад хувийн арал дээр амарч байх байлаа”  гэж хэлсэн байдаг.

Гэсэн хэдий ч Ларри Пэйж 2015 оны наймдугаар сарын 10-нд “Alphabet” гэх “Google”-ын толгой компанийг үүсгэн байгуулж байгаагаа зарлаж өөрөө гүйцэтгэх захирлын албыг хашихаа мэдэгдсэн юм. Харин Сергей Брин ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэдэг аж. Тус шинэ компани нь “Google”-ын менежментийг хийж байх бөгөөд “Google”-ын бусад салбарууд болох “Waymo”, “Verily”, “Sidewalk Labs”, болон “Google Fiber” зэргийг эзэмшдэг байна. Өнөөдрийн байдлаар “Alphabet” нь дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компаниудын гуравдугаар байрт 120,9 тэрбум ам.долларын хөрөнгөөр бичигддэг аж.

Ларри Пэйжийн удирдах арга барилыг маш хатуу гэж хамтран ажиллагчид нь дүгнэдэг. Тэрээр мэтгэлцээн хийх маш дуртай бөгөөд түүний дэвшүүлсэн аливаа санаа ихэвчлэн ажилчдынх нь дунд ширүүн маргаан өрнүүлдэг байна. Компанийн нөгөө тэргүүн Сергей Бринтэй хийдэг нөхөрлөлийг нь маргаан дээр суурилдаг гэж хэлж болох аж. Учир нь тэд ихэвчлэн муудалцаж бие биенээ доромжилдог байна. Ажилчдынх нь дэвшүүлсэн санаа түүнд таалагдахгүй бол шууд л тэнэг санаа гэж хэлдэг аж. Мөн ажилчид илтгэл тавих үеэр чангаар тоо тоолж уйтгартай байгааг нь сануулдаг байна. Гэхдээ тэрээр энэхүү хуучинсаг арга барилаа “хатуу хайр” гэж тодорхойлдог байна.

“Хүмүүс Google-ыг гайхалтай гэж боддог байж болно. Гэхдээ миний хувьд Google аймшигтай их дутагдалтай хэвээрээ л байна” Ларри Пэйж

Тэрээр хүсэл эрмэлзэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй хүмүүсийг юу юунаас илүү үнэлдэг аж. Түүний хувьд ажилчид нь өөрсдийн оногдсон ажлаа сайн хийх нь хоёр дахь асуудал байдаг байна. Учир нь тэр үргэлж шинэ санааг хүсдэг аж. Нэгэн “Google”-д ажиллаж байсан хүний нөөцийн ажилтан хэлэхдээ “Ларри Пэйж нэг удаа ажил тарсны дараа оффисын үйлчлэгчтэй нэлээн удаан хугацаанд хэрхэн хогийн савнуудыг ажилчдад илүү хүртээмжтэй байрлуулах талаар ярилцаж байсныг нь санаж байна” гэж байжээ.

Ларри Пэйжийн хувийн амьдралын хувьд тэрээр 2007 онд Лусинда Соутвүрт гэх эрдэмтэн бүсгүйтэй Карибын тэнгис дэх хувийн арал дээр гэрлэсэн аж. Тэд 2009, 2011 онуудад хоёр хүүхэдтэй болсон бөгөөд олон нийтээс хүүхдүүдээ маш их нууцалдаг. Ойр дотнын хүмүүсээс бусад нь тэдний хүүхдүүдийн нэрийг нь ч мэдэхгүй юм.

Тэрээр ер нь л маш нууцлаг амьдралтай нэгэн юм. Хүмүүс түүнийг нэг юмаа давтаж ярьдаг эмгэгтэйгээс өөрөөр нээх их мэдэхгүй билээ. Ларри Пэйж Хашимотогийн Тиозитоцит буюу нэг зүйлээ давтаж ярьдаг эмгэгтэй хүмүүст зориулж маш их мөнгийг хандивладаг билээ. Мөн 2014 онд Эбола вирустэй тэмцэхэд их хэмжээний хөрөнгө хандивлаж байжээ.

“Заримдаа хоосон мөрөөдөж зүүдлэхээ болиод сэрэх хэрэгтэй. Гэхдээ үнэхээр сайхан зүүд бол тэр мөрөөдлөө шүүрэн авах хэрэгтэй” Ларри Пэйж

Эх сурвалж: Alphabet Inc  

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!